Батлан хамгаалахын сайд Д.Батлут, "Английн хөлбөмбөгийн шигшээ багийн хувцас хэрэглэлийг авч өгнө гээд 23 тэрбум төгрөг гаргаад өгсөн ч байх шиг. Ямар баян юм бэ. Монголын хөлбөмбөгийн баг нь ямар байгаа юм. Ийм арчаагүй үйлдлүүд хийж байгаа нь үнэхээр гутамшиг байна” гэсэн зүйлийг ярьсан. Мөн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Английн хөлбөмбөгийн багт 4.3 тэрбум төгрөг шилжүүлсэн гэсэн ч бодит байдал дээр энэ дүн 23 тэрбум төгрөгт хүрч, энэхүү их хэмжээний мөнгө нь "Hero"-гийн хүүхдийг Английн "Фүлхэм" клубт тоглуулахын тулд өгсөн зэрэг мэдээлэл цахим орчинд цацагдаад байсан юм.
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргасан байна. Тэрбээр, “Миний хүү хөлбөмбөгт суурилсан сургалттай Английн арван жилийн сургуульд сурдаг бөгөөд уг багтаа тоглодог. Фүлхэм хөлбөмбөгийн багт тоглодоггүй, тоглож байгаагүй. Фүлхэм академийн ямарваа нэгэн сургалтанд явдаггүй, явж байгаагүй гэдгийг мэдэгдье” гэжээ.