Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр /2026.01.21/ цахилгааны хязгаарлалтын талаар мэдээлэл хийсэн. Мэдээлэлдээ “2026 оны нэгдүгээр сарын 20-ны өглөө 06:11 цагт ТЭЦ-4 наймдугаар зууханд үлээлт гарсан. Зогсоохоос өөр аргагүй болсон. 500 градустай явж байсан зуухыг 50 градус руу буулгахад 4-5 цаг шаардлагатай.
Үүний дараа засвар хийж, өнөө өглөө //2026.01.21/ 09:46 цагт буцааж сүлжээнд залгасан. Энэ хооронд 100 мвт-ын цахилгаан эрчим хүчний хомсдол үүссэн. Бүх генератор, тоног төхөөрөмж нөөц тоноглолгүй ажиллаж байгаа учраас аливаа нэг тоног төхөөрөмжид гэмтэл гарвал хязгаарлалт хийж засварлах шаардлага үүсэж байгаа.
Хоёрдугаарт, Бөөрөлжүүтийн цахилгаан станцад тэжээгч талдаа түүхий нүүрс 42 хувийн чийгшилтэй байгаа. Каневераар дамжуулаад цахилгаан станц руу орох хэсэгт нүүрс хөлдөж эхэлсэн. Үүнээс шалтгаалаад 300 мвт хүчин чадлаар ажиллаж байсан Бөөрөлжүүтийн цахилгаан станц 120 мвт хүчин чадлаар ажиллаж эхэлсэн. Ийм хоёр хүндрэл гарсан” хэмээн мэдээлсэн.
Тэгвэл Бөөрөлжүүтийн цахилгаан станцын захирал Д.Мөнхтөрөөс тус станцын үйл ажиллагааны талаар тодруулахад "Түүхий нүүрсний чийгшил өндөр байгаа учраас цахилгаан станц руу орох каневерын дамжуулах хэсэгт түлш хөлдсөн тохиолдол гарсан. Бид асуудлыг шийдвэрлэхээр түлшний чийгшлийг багасгахаар шуурхай ажиллаж байна. Манай станцын хүчин чадал 260 мвт хүртэл ажилладаг. Одоогоор бүрэн ачааллаа авч чадахгүй 200 гаруй мвт хүчин чадлаар ажиллаж байна" гэсэн юм.
Харин хэзээ хэвийн горимдоо хүрч ажиллах вэ гэдгийг лавлахад "Шуурхай арга хэмжээ авч байна. Тодорхой хугацаа хэлэх боломж одоогоор алга. Ойрын хугацаанд яаралтай хэвийн горимд нь оруулахаар ажиллаж байгаа" гэдгийг онцоллоо.
С.ОТГОНБАЯР