Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цагт “Хүн осгож нас барсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад 56 настай иргэн "А" нь энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр гэрээсээ малдаа явахаар гарсан аж. Тухай иргэн даралт ихсэх зовуурьтай байсныг ар гэрийнхэн нь мэдээлсэн байна. Хүйтний эрч чангарсан сүүлийн 5 хоног /2026.01.17-21/ -ийн хугацаанд осголт хөлдөлттэй холбоотой нийт 7 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, эрдэнэт хүний амь нас хохирсон таван дуудлага бүртгэгдээд байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Ойрын хоногуудад үргэлжилж байгаа хүйтний эрч ихэнх нутгаар хадгалагдах төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байгаа тул иргэд та бүхэн цаг агаарын аюултай үед малдаа явахдаа хувийн бэлтгэлээ сайтар хангах, бага насны хүүхэд, хууч өвчтэй хүнийг малд явуулахгүй байх, хөдөө орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, баталгаатай замаар зорчих, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх зэргээр өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.