ВИДЕО: Карибын тэнгист “Sagitta” нэртэй дахин нэг нефть тээвэрлэгч хөлгийг АНУ хураан авчээ

ВИДЕО: Карибын тэнгист “Sagitta” нэртэй дахин нэг нефть тээвэрлэгч хөлгийг АНУ хураан авчээ

АНУ Карибын тэнгист “Sagitta” нэртэй нефть тээвэрлэгч хөлгийг хураан авсан талаар албаны эх сурвалжууд мэдээлжээ. Уг хөлөг нь Венесуэлийн нефтийг олон улсын хориг арга хэмжээг зөрчин хууль бусаар тээвэрлэж байсан “сүүдрийн флот”-ын нэг хэсэг гэжээ.

ВИДЕО: 

АНУ-ын эрх баригчдын мэдээлснээр “Sagitta” хөлөг нь гарал үүслийг нь нуух, баримт бичгийг хуурамчаар үйлдэх, байршлын мэдээллээ санаатайгаар унтраах зэргээр нефтийн тээврийг нуун далдалж байжээ. Иймд энэ нь Венесуэлд тавьсан АНУ болон олон улсын хоригийг тойрч гарах зорилготой зохион байгуулалттай ажиллагааны нэг хэсэг гэж үзэж байгаа аж. 

Уг хөлгийг АНУ-ын хэрэгжүүлж буй “Southern Spear” нэртэй ажиллагааны хүрээнд хураан авсан бөгөөд энэхүү ажиллагаа эхэлснээс хойш баривчилсан долоо дахь нефть тээвэрлэгч хөлөг болж байна. 

АНУ-ын албаны төлөөлөгчид “сүүдрийн флот”-ын үйл ажиллагаа нь олон улсын хориг арга хэмжээг сулруулж, хууль бус санхүүжилтийг дэмждэг тул цаашид ийм төрлийн ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээг улам эрчимжүүлнэ гэжээ. 

Сонирхуулахад,  Венесуэлийн нефтийн экспорт олон улсын хоригийн улмаас хумигдсан хэвээр байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд тус улс нефтийг хууль бусаар гуравдагч орнуудын нэрээр дамжуулан тээвэрлэх тохиолдол нэмэгдэж байсан юм. Үүнтэй холбоотойгоор “сүүдрийн флот” хэмээх нэршил нь хоригийг зөрчин ажилладаг, бүртгэл тодорхой бус, хуучин танкеруудаас бүрдсэн сүлжээг илэрхийлэх болсон байна. АНУ-ын зүгээс "Sagitta" нэртэй хөлгийн эзэмшигчид болон тээвэрлэлтийн сүлжээнд оролцсон этгээдүүдийг шалгаж, нэмэлт хориг арга хэмжээ авах боломжийг судалж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.