БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сук Ёлыг мөрдөн байцаагчид түүнийг саатуулах үеэр хууль сахиулагчдын оролдлогыг зогсоосон хэрэгт буруутган өчигдөр /2026.01.16/ түүнд таван жилийн хорих ял оноожээ.
Тодруулбал, Юн Сук Ёл өнгөрсөн оны нэгдүгээр сард богино хугацааны цэргийн эргэлт хийх үеэрээ Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албанд мөрдөн байцаагчдыг Ерөнхийлөгчийн ордонд нэвтрүүлж, баривчлах захирамжийг биелүүлэхийг хориглохыг тушаасан байдаг.
Тэгвэл өчигдөр болсон шүүх хурлын үеэр хуралдаан харгалагч шүүгч Бэк Дэ Хён экс ерөнхийлөгчийг хатуу зэмлэн, “Тэрээр хувийн аюулгүй байдал, ашиг сонирхлоо хамгаалахын тулд Бүгд Найрамдах Солонгос Улсад үнэнч тангараг өргөсөн Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албаны албан хаагчдыг ашиглан зэвсэгт хүчнийг хувийн хэрэгсэл мэт ашигласан” хэмээн мэдэгджээ.
Ингээд Юн Сук Ёлыг, баривчлах ажиллагаанд саад учруулсан, цэргийн дэглэмийн төлөвлөгөөг хэлэлцэх хуралд есөн Засгийн газрын гишүүнийг оролцуулаагүй, цэргийн дэглэмийн тогтоолыг хүчингүй болгосны дараах шинэчилсэн тунхаглалыг боловсруулж, дараа нь устгасан, худал мэдээлэл агуулсан хэвлэлийн мэдэгдэл тараахыг тушаасан, цэргийн командлагчдын ашиглаж байсан нууц утасны бичлэгийг устгуулсан зэрэг хэрэгт буруутгасан байна.
Шүүгч түүнийг Засгийн газрын хоёр гишүүний эрхийг зөрчсөн болон хэвлэлд худал мэдэгдэл тараах тушаал өгсөн хэргүүдээс бусад бүх зүйл ангиар буруутай гэж үзсэн байна.
Шүүхийн шийдвэрийг унших явцад Юн Сук Ёл илт сандарч, үе үе гүнзгий амьсгаа авч байсан нь ажиглагдсан байна. Харин түүний өмгөөлөгчид уг шийдвэрийг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж үзэн, мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон баримтад үндэслээгүй хэмээн мэдэгдэж, давж заалдахаа зарласан байна.