Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд “Орон нутгийн хөгжлийн төв” төсөл хэрэгжүүлнэ

Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд “Орон нутгийн хөгжлийн төв” төсөл хэрэгжүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 56 дугаар тогтоолын хүрээнд  2026 оны нэгдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллана. Тэрбээр Зүүн бүс дэх орон нутгийн томилолтоо Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас эхлүүллээ.

Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Онцгой комисс, малчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, төсөвт байгууллагын удирдлагуудтай өнөөдөр (2026.01.07)  нэгдсэн уулзалт хийв. Бүсчилсэн хөгжлийн бодлогод нийслэл, аймаг бүрд орон нутгийн Хөгжлийн төв, тэдгээрт таталцах сум сууринг тодорхойлсон бөгөөд Хэнтий аймгийн Жаргалтхаан сум нь Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Дэлгэрхаан сумдын таталцлын төв байхаар тусгасан. Иймд төрийн бодлогыг бодитоор хэрэгжүүлэх “Орон нутгийн хөгжлийн төв” төслийг эхлүүлэх зорилгоор тус сумаас уулзалтаа эхлүүлж буйгаа ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн онцоллоо.

Энэ хүрээнд Жаргалтхаан суманд төр, хувийн түншлэлээр “Орон нутгийн хөгжлийн төв” төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Хөгжлийн төв нь малын гаралтай түүхий эдийн ангилан ялгалт, анхан шатны боловсруулалт хийх бага оврын үйлдвэр, малын тэжээлийн үйлдвэр байгуулах, малчид, тариаланчдад мэдээлэл олгох, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх аж.

Уулзалтад оролцогчид арьс шир боловсруулах үйлдвэр яаралтай барих, хүнсний ногооны зоорьтой болох,  хөдөөгийн багуудад үүрэн холбооны  сүлжээ нэмэгдүүлэх, малын угаалгыг чанартай хийх, Хэрлэнбаян-Улааны отрын бүсэд орсон Баян-Эрдэнэ багийн малчдад өвөлжөө хаваржааны газрыг эзэмшүүлэх зэрэг санал дэвшүүлэв. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан зэрэг холбогдох албаныхан оролцогчдын асуултад хариулж, салбарын яамнаас боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгөв.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн “Төр бизнес хийхгүй, бизнесийг дэмжиж ажиллана. Төрөөс эргэлтийн хөрөнгө буюу хөнгөлөлттэй зээл, газар олголт, дэд бүтэц, татварын хөнгөлөлтөөр дэмжиж,  экспортыг нэмэгдүүлэхэд анхаарна”  гээд Хөдөө аж ахуйн салбарт “Атар 4”, Хүнсний хувьсгал, Цагаан алт гээд олон төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Гагцхүү төрийн бодлого, хөнгөлөлттэй зээлийн боломжуудын талаарх мэдээллийг малчинд, иргэдэд түгээхэд анхаарах хэрэгтэй" гэлээ.  Жаргалтхаан сум дэд бүтэц, эрчим хүчинд бүрэн холбогдсон. Сумын нутаг дэвсгэрт “Хаан хүнс мийт”  мал, мах бэлтгэлийн үйлдвэр  ашиглалтад орсноор малчид малаа богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болж, ажлын байр нэмэгдсэн гэдгийг удирдлагын зүгээс танилцуулав.  Мөн сумын аюулгүй нөөцөд өвс, хүчит тэжээл тус тус 60 тонн, эрдэс тэжээл 1 тонн бэлтгэсэн бөгөөд энэ сараас нөөцийн өвсөө малчдад олгож эхэлжээ.