“Эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 300 хоногийн төлөвлөгөөг 2025 оны 12 дугаар сарын 31-ний Засгийн газрын хуралдаанаар баталсан.
Ажлын хэсэг өнгөрсөн тав хоногт яамдаас санал авч нэгтгэн төлөвлөгөөнд тусгажээ. Түүнчлэн Ерөнхий сайд, холбогдох албан тушаалтнууд “Эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх” 300 хоногийн ажлын төлөвлөгөөг орон нутагт танилцуулж байна. Төлөвлөгөөний хүрээнд иргэдийн орлогыг бодитой нэмэгдүүлэх, хүний хөгжлийг дэмжих, бизнесийн боломж, эрх чөлөөг нэмэгдүүлэх, хэмнэлттэй, хариуцлагатай, хяналттай төрийн реформыг хэрэгжүүлэх, сөрөн тэсвэрлэх чадавх, эдийн засгийн хувьсгалыг хэрэгжүүлэх 88 зорилт, 141 арга хэмжээ тусгаад байна.
Мөн аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор “Од”-ны зэрэглэл тогтоох журмыг баталлаа.
Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж тусгайлсан бодлогыг үе шаттай хэрэгжүүлж буй. 2026 онд нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна. Журам батлагдсанаар Аялал жуулчлалын тухай хуулийн хэрэгжилт хангагдаж, зочлох үйлчилгээ эрхэлж буй байршуулах хэрэгслийн ангилал, зэрэглэл тодорхой болж, олон улсын жишгийн дагуу үйлчилгээний чанар хүртээмж сайжрах, зэрэглэл тогтоолгосноор төрөөс үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал, дэмжлэгт хамрагдах нөхцөл бүрдэх болон гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг ач холбогдолтой юм.
Журмыг боловсруулахдаа аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийн дунд зургаан удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, санал, зөвлөмжийг журмын төсөлд тусгажээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны албан ёсны цахим хуудаст байршуулж, олон нийтээс санал авчээ. Дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад ангилал зэрэглэл тогтоодог байсан бол журмыг шинэчилснээр аялал жуулчлалын цогцолбор, зочид буудал, жуулчны баазуудад ангилал зэрэглэл тогтоох боломжтой болж байна.