Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх 300 хоногийн төлөвлөгөөг танилцууллаа

Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх 300 хоногийн төлөвлөгөөг танилцууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд болж, “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталлаа.

Төлөвлөгөөний хүрээнд хүн амд үзүүлэх төрийн үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчны тогтвортой байдлыг хангах зорилгоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг 2026 оны төсвийн жилд нэмэгдүүлэхгүй байх үүргийг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар, зөвлөл, хороо, комиссын дарга нар, бүх шатны Засаг дарга нарт тус тус өглөө.

Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тогтоодог татвар, хураамжийн хувь, хэмжээг нэмэгдүүлэхгүй байхыг зөвлөж, уг шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт даалгалаа.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Даваасүрэн мэдээлэл хийж, 300 хоногийн ажлын төлөвлөгөөг танилцуулсан юм.

Тэрбээр уг төлөвлөгөөг:

·   Инфляцын дарамтгүй, тогтвортой орлоготой иргэн

·   Бизнесийн эрх чөлөө

·   Хариуцлагатай, санаачилгатай, хэмнэлттэй төр

· Сөрөн тэсвэрлэх чадавхтай эдийн засаг гэсэн дөрвөн үндсэн чиглэлд 80 гаруй арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар онцоллоо.

I. Инфляцын дарамтгүй, тогтвортой орлоготой иргэн

Иргэдийн бодит орлогыг хамгаалж, инфляцын дарамтыг бууруулах зорилгоор шатахуун, хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийн тасралтгүй нийлүүлэлтийг хангаж, нөөц бүрдүүлэлт, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн үнийн савлагааг бууруулна. “Хүнсний хувьсгал”, “Атар-IV” аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дотоодын хүнсний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Мөн ЕАЭЗХ-той байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд тодорхой барааг гаалийн татвараас чөлөөлөх замаар зах зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ.

Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, орлогын албан татварын ачааллыг бууруулан, НӨАТ-ын буцаалт болон хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог уялдуулж, иргэдийн гарт очих орлогыг бодитоор өсгөнө. Халамжаас хөдөлмөр эрхлэлтэд шилжих бодлого хэрэгжүүлж, Үндэсний баялгийн санг арвижуулан өрх бүрд өгөөжийг нь хүртээнэ.

Мөн газар, хот байгуулалт, орон сууц, боловсрол, эрүүл мэнд, ус, ариутгах татуургын суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн амьдралын чанарыг тогтвортой сайжруулна.

II. Бизнесийн эрх чөлөө

Бизнесийн салбарт төрийн оролцоог хумиж, зах зээлийг либералчилна. Төр стратегийн салбарт хяналтаа хадгалж, хувийн өмчийн халдашгүй байдлыг бүрэн хамгаалан, шударга өрсөлдөөнийг дэмжиж, ялгаварлан гадуурхалт, хууль бус өмч хураалт, давуу эрх олголтыг хориглоно. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, гадаадын банк, санхүүгийн байгууллагыг зах зээлд оруулах бодлогыг хэрэгжүүлнэ.

“Цахимаар түрүүнд” бодлогын хүрээнд зөвшөөрөл, мэдэгдэл, хяналт шалгалт, гадаад ажиллах хүчтэй холбоотой төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, хялбарчилна. Татварын бодлогыг уян хатан, дэмжих чиглэлд шинэчилж, НӨАТ-ын зохицуулалтыг уян хатан болгож, татвар төлөгчдийг зөвлөн дэмжих тогтолцоонд шилжинэ.

Ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлж, байгальд ээлтэй, тогтвортой технологи, хөрөнгө оруулалтыг дэмжинэ.

III. Хариуцлагатай, санаачилгатай, хэмнэлттэй төр

Давхардсан болон хуулийн хязгаараас давсан 1,000 журам-ыг цуцалж, ил тод, авлигагүй орчныг бүрдүүлнэ. Төрийн тусгай сангуудтай холбоотой хууль бус үйлдлийг таслан зогсоож, хариуцлага тооцно. Стратегийн болон томоохон ордуудын өгөөжийг ард иргэдэд шударгаар хүртээж, Үндэсний баялгийн санд орлого төвлөрүүлнэ.

Төсвийн зардлыг бууруулж, төрийн үйл ажиллагааг цомхон, үр ашигтай болгох зорилгоор төрийн өмчит зарим компанийн засаглалыг сайжруулж, хувьчлах, олон нийтэд нээлттэй болгоно. Мөн төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлт, цахим нотариат, апостилийн үйлчилгээг нэвтрүүлнэ.

IV. Сөрөн тэсвэрлэх чадавхтай эдийн засаг

Уул уурхай, тээврийн салбарт ахиц гаргаж, экспортын дэд бүтцийг сайжруулна. Оюу толгой төслийн хэлэлцээрийг эцэслэн шийдвэрлэж, зардал, санхүүгийн ачааллыг бууруулна. Гашуунсухайт–Ганцмод хил дамнасан төмөр зам болон боомтын төслүүдийг хэрэгжүүлж, тээвэр логистикийн саад бэрхшээлийг арилгана.

Алт, уран, нүүрс, төмрийн хүдэр зэрэг стратегийн бүтээгдэхүүний олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн экспортын хэмжээг өсгөнө. Зэс, ган боловсруулах аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангана.

Мөн хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрүүдийг бодит үр дүнд чиглүүлж, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэн бүс нутгийн эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлнэ хэмээн Дэд сайд С.Даваасүрэн мэдээлэлдээ онцолсон юм.