Тайландын Бангкок хотноо болсон Азийн холимог тулааны хамгийн том холбоо "ONE Championship"-ийн ээлжит тулаанд манай улсын холимог тулаанч Б.Энх-Оргил Бразилын тамирчин Фабрико Андрадетэй тулалдсан.
Улмаар тамирчид таван минутаар таван үе тулалдах байсан ч манай тамирчин Б.Энх-Оргил дөрөвдүгээр үед ялалт байгуулж аваргын алтан бүсний эзэн болсон билээ.
Тэрбээр мөн physical Asia тэмцээнд эх орноо төлөөлөн багаараа амжилттай оролцсон юм. Тэгвэл Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Энх-Оргилд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээсэн. Тэгвэл "ONE Championship" холбооноос түүний тулааныг оны шилдэг тулаанаар нэрлэжээ. Тус холбооноос "Оны шилдэг тулаан Фабрисио Андраде, Энх-Оргил Баатархүү нар 2025 онд бүх цаг үеийн сонгодог бүтээлийг хүргэлээ. Таны хамгийн дуртай мөч юу байсан бэ" гэж цахим хуудастаа онцолсон байна.