Энэ сарын 17 /2025.12.17/-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит хурлаар 14 яаманд 14 дэд сайдыг томилж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг агентлагийг дахин байгуулахаар шийдвэрлэсэн нь “цомхон бүтцээр ажиллаж, төсвөө хэмнэ” гэж шаардаж ирсэн УИХ дахь АН-ын бүлгийн улс төр хийх сэдлийг Ерөнхий сайд Г.Занданшатар өөрөө өдөөсөн гэхэд болно.
-ДЭД САЙДУУДАА ОГЦРУУЛАХГҮЙ ГЭЖ Н.УЧРАЛ ТАС ЗӨРЖЭЭ-
Учир нь Засгийн газрын дээрх шийдвэр гарсны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн албан бланк дээр “Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах” гарын үсэг цуглуулж эхэлсэн байгаа юм. Ингээд УИХ дахь АН-ын бүлэг Даваа гараг /2025.12.22/-т мэдээлэл хийх үеэрээ, “Ерөнхий сайдыг огцруулах бичигт УИХ-ын 32 гишүүний гарын үсгийг өнөөдөр ч бүрдүүлж болно. Гэхдээ Ерөнхий сайд Г.Занданшатарт дэд сайд нараа огцруулах хугацааг Баасан гараг /2025.12.26/ хүртэл өгч байна” гэж мэдэгдсэн.
ВИДЕО: АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн мэдээлэл
Дэд сайд нараа огцруул гэж Ерөнхий сайд Г.Занданшатарт өгсөн АН-ын хугацаа өнөөдөр /2025.12.26/ дуусаж байна.
Тэгвэл өнөөдрийг хүртэлх хугацаанд төрийн ордон, улс төрийн хүрээнд энэхүү үйл явдалтай холбоотой нэлээдгүй үйл явдал өрнөсөн байна. Тухайлбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар МАН-ын бүлгийн гишүүдээрээ кнопдуулж, засгийн газраа авч үлдэх бэлтгэл ажилдаа орсон бол, УИХ-ын дарга Н.Учрал дэд сайд нартайгаа үлдэж, засаг огцруулах асуудлыг парламентад өргөн бариулахгүй тулд УИХ-ын Намрын чуулганыг “хаах”-аар ирэх өдрүүд /2025.12.31-ны өдрийг хүртэл/-д “чуулгандаа сууна” гэсэн гишүүдийн ирцийг авч эхэлсэн байна.
Харин Ерөнхий сайд Г.Занданшатар дэд сайд нараа бүгдийг нь эргүүлээд татчихъя гэсэн саналыг дотооддоо гаргасан ч, УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал, “дэд сайд нараа огцруулахгүй” гэж тас зөрсөн гэх мэдээлэл ч байна. Мөн “Үндсэн чиглэлийн дөрвөн яамны дэд сайдуудыг үлдээж, бусад дэд сайд нараа огцруулъя” гэсэн яриа гарсан ч, Ч.Лодойсамбуу нарын гишүүдээс, “дэд сайдынхаа тоог цөөлж, хямдруулаад байна уу” гэсэн тайлбар авч, “ам руугаа алагдуулжээ.”
-ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИАС “ДЭД САЙДЫГ ХАСАХ” ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛНА-
Харин өчигдөр /2025.12.25/ “МАН-ын дарга, АН-ын дарга нарын зөвшилцлөөр УИХ дахь Монгол ардын намын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тус бүр гурван гишүүн оролцсон ажлын хэсэг байгуулж, төрийн албанд давхардаж байгаа албан тушаалыг цогцоор нь шийдвэрлэх хуулийн төсөл боловсруулахаар болсон” гэж мэдэгдсэн. Тодруулбал, ажлын хэсэгт УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Наранбаатар, Д.Үүрийнтуяа, УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, С.Эрдэнэболд, Ж.Батсуурь нар багтжээ.

Энэхүү ажлын хэсэг нэн тэргүүнд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, “дэд сайд” гэсэн албан тушаалыг хасах хуулийн төслийг боловсруулах аж.
Тодруулбал, Засгийн газрын тухай хуулийн 18 дүгээр зүйлд “Дэд сайдын бүрэн эрх”-ийг хуульчилж өгсөн байна. Тухайлбал, тус хуулийн 18 дүгээр зүйлийн 1-д, Дэд сайдын бүрэн эрхийг тодорхой заасан байх бөгөөд мөн хуулийн 18 дүгээр зүйлийн 3-д “Дэд сайдын бүрэн эрхийн хугацаа нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байна” гэжээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Товчхондоо, Дэд сайд гэх албан тушаал нь Засгийн газрын тухай хуульд заасан хууль ёсны албан тушаал аж. Иймд УИХ дахь МАН, АН-аас байгуулагдсан ажлын хэсэг энэхүү хуулийн зохицуулалтыг хасах хуулийн төслийг боловсруулах бололтой. Мөн Засгийн газрын агентлагуудын орон тоог зохих түвшинд байлгах, нэмэхгүй байх зэрэг хуулийг ч гаргах бололтой.
-“ДЭД САЙДАА ОГЦРУУЛ, ҮГҮЙ БОЛ Г.ЗАНДАНШАТАР ОГЦОР” ГЭСЭН АН-ЫН УЛС ТӨР ХАВРЫН ЧУУЛГАН РУУ ШИЛЖЛЭЭ-
Хаврын чуулганы хаалт, сургууль, цэцэрлэгийн өвлийн урт амралт гээд “хүн л юм хойно” үр, хүүхдээ аваад гадаа, дотоод явж байгаа парламентын гишүүд цөөнгүй байгаа. Иймд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал хураалт ирэх долоо хоногт болбол УИХ дахь АН-ын бүлгийн 42 гишүүн бүгд оролцож чадахгүй, тус бүлэг “улс төрийн онигоо” болох эрсдэл ч бий.
Нөгөөтэй Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж “дэд сайд”-ыг албан тушаалыг огт байхгүй болгож, хуулиас хасна гэдэг “том улс төр.” Товчхондоо, эрх барьж буй МАН-ын бүлгийн гишүүд үүнийг дэмжихгүй байх нь дамжиггүй.
Тэгэхээр УИХ дахь АН-ын бүлэг “том улс төр”-өө шинэ он гарах дөхсөн улс төр, нийгмийн анхаарал сарниасан энэ өдрүүдэд дуусгах биш 2026 оны УИХ-ын Хаврын чуулган руу шилжүүлж, “Дэд сайдаа огцруул, үгүй бол Ерөнхий сайд Г.Занданшатар өөрөө огцор” гэсэн улс төрөө үргэлжлүүлэхээр нээлттэй үлдээж байгаа бололтой.