Шинэ жилийн баяртай холбоотойгоор согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэж байна. Угтаа бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд оноох шийтгэлийн бодлогыг чангатгасан. Гэсэн хэдий ч энэ зөрчил ихээр бүртгэгдсэн хэвээр байна.
ВИДЕО:
"ЭНЭ ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР ЭРХЭЭ ХАСУУЛСАН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 2200 ЗӨРЧИЛ БҮРТГЭГДСЭН"
Тэр дундаа авто машин жолоодох эрхийн үнэмлэхгүй, эрхээ хасуулсан үедээ согтуугаар автомашин жолоодох зөрчил бүртгэгдсээр байгааг цагдаагийн байгууллага мэдээллээ. Хамгийн сүүлийн нэг жишээг дурдья. Хан-уул дүүргийн замын цагдаагийн хэлтэст согтуу жолооч автомашин жолоодож байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд очиход жолооч өөрөө тасраад унтчихсан байжээ. Мөн тус иргэн автомашинаа хаазалсан хэвээр байсан гэдгийг алба хаагчид хэлж байна. Хэрэв алба хаагчид тус үйлдлийг таслан зогсоогоогүй бол хэдэн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирох байсныг таашгүй.

Энэ талаар ХУД-ийн ЗЦХ-ийн цагдаа зохицуулагч, ахлагч Б.Сайнхүү “Энэхүү дуудлага мэдээллийг иргэн бидэнд өгсөн гэдгийг тодотгох нь зүйтэй. Шөнийн 2 цагт тус дуудлагын дагуу очиход жолооч автомашин автомашиндаа тасраад унтчихсан байсан. Жолооч машинаа явах араандаа хийчихсэн байсан. Тэр мөргөсөн чигээрээ хаазалсаар байсан. Хаалга, цонх бүгд цоожтой байсан. Ингээд арын цонх буюу хамгийн жижиг цонхийг нь хагалхаас өөр арга үлдээгүй. Мөн согтолтын хэмжээ гурван промиль гарсан. Тухайн иргэн шинэ жилээ тараад найзуудруугаа явж байсан гэх мэдүүлэг өгсөн. Мөн тухайн иргэн эрхээ хасуулчихсан байх үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдсон” гэлээ.

Энэ бол ердөө л нэг жишээ юм. Энэ оны эхний 11 сарын байдлаар цагдаагийн албан хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31,709 зөрчлийг илрүүлж, таслан зогсоосон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 26.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн энэ оны эхний 11 сарын байдлаар эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 2200 зөрчил бүртгэгдсэн бол жолоодох эрхийн үнэмлэхгүй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2200 зөрчил ТЦА-нд тус тус бүртгэгджээ. Цаашлаад согтуу жолоочтой холбоотой 2078 гэмт хэрэг бүртгэгдэж, 48 хүн амь насаа алдсан гэх харамсалтай тоо мэдээлэл байна.
"СОГТУУ ЖОЛООЧИЙН "БАЛГААР" ЭНЭ ОНД 48 ИРГЭН АМИА АЛДСАН"
ТЦА-ны УСХ-ийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуяг “Шинэ жилийн баяртай холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдсээр байна. Цаашлаад согтуу хүн явганаар замын хөдөлгөөнд оролцож автомашинд мөргүүлэх, осгох, хөлдөх зэрэг асуудал ч үүсэж байна. Иймд Цагдаагийн байгууллагаас энэ оныг дуустал нэгдсэн хяналт, шалгалтыг тогтмол хийж байна. Цаашлаад согтуу хүмүүс халдлагад өртөх тохиолдол ч бий Иймд албан байгууллага, найз нөхдийн шинэ жил тэмдэглэсэн бол нэгнээ хүргэж өгөх, баталгаатай таксинд суулгах зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнд ногдуулах хуулийн хариуцлагыг өнгөрсөн жилээс эхлэн чангатгасан. Тодруулбал, ТЦА-аас согтуугаар жолоо барих нь 2.7–14 сая төгрөгийн торгууль, эсвэл 6 сараас 3 жил хүртэл хорих ялтайг анхааруулж, иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодохгүй байхыг, мөн бусдыг жолооны ард суулгахгүй байхыг уриаллаа. Ялангуяа шинэ жилийн баяраа тэмдэглэж буй байгууллагуудад нэгдсэн унаагаар үйлчлүүлэхийг зөвлөв.