Нийслэлийн Ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн дээвэр дээр 72 ширхэг нарны хавтан суурилуулах ажил бүрэн дуусчээ. Нарны хавтан суурилуулснаар цахилгааны хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр орлуулсан нийслэлийн анхны жишиг ногоон сургууль болж байна.
Тус сургууль нь сар бүр цахилгааны зардалд 2-3 сая төгрөгийг зарцуулдаг. Энэ төлбөр дүүргийн төсвөөс хуваарилагддаг бөгөөд сэргээгдэх эрчим хүчний системд шилжсэнээр сар бүр 2-3 сая төгрөг хэмнэж буй. Ингэснээр төвийн эрчим хүчнээс хамааралгүй болж байгааг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул онцоллоо. Цаашилбал тус сургууль илүү үйлдвэрлэсэн цахилгаанаа төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх боломжтой болжээ.