Намрын чуулганы хуралдах 75 хоногийн хугацаа 31-нд дуусах бөгөөд МАН чуулганыг хааж, ЗГ-ыг огцруулах саналыг хойш "шидэх"-ээр ажиллаж байна

Намрын чуулганы хуралдах 75 хоногийн хугацаа 31-нд дуусах бөгөөд МАН чуулганыг хааж, ЗГ-ыг огцруулах саналыг хойш "шидэх"-ээр ажиллаж байна

АН-ын бүлгээс төрийн албаны бүтцийг цомхотгох, дэд сайд нарын томилгоог хүчингүй болгох шаардлагыг Засгийн газарт тавьсан бөгөөд АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн албан бланк дээр "Ерөнхий сайдыг огцруулах" саналыг гаргаж, гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд байна. Тэд дэд сайдын томилгоог шаардлагын төв болгож буй ч үнэндээ төсвийн тасалдал, эдийн засгийн хямрал, шатахууны хомстол зэрэг нийгмийн хүндэрсэн асуудлаас үүдэн Засгийн газрыг огцруулах шийдвэрт хүрсэн гэж байгаа юм.

-АН-ААС 30 ГАРУЙ ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БӨГӨӨД ЗУРААГҮЙ ҮЛДСЭН ГИШҮҮДЭД БҮЛГИЙН "ГУРВАН ОДТОЙ" ШИЙДВЭРИЙГ ТУЛГАЖ ЗУРУУЛАХААР БОЛЖЭЭ-

Өчигдрийн байдлаар уг бичигт АН-ын бүлгийн 30 гаруй гишүүн гарын үсэг зурсан нь бодитой  байна. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Баасан гараг хүртэл дэд сайд нарыг огцруулах хугацаа өгье. Түүнээс өмнө шийдэхгүй бол Засгийг огцруулах бичгийг өргөн барина" гэж мэдэгдсэн. Хэлсэн ёсоороо тэд энэ долоо хоногийн баасан гараг /2025.12.26/-ийг хүртэл бичгээ өргөн барихгүй нь.

Харин Засгийн газар хариуд нь 16 дэд сайдынхаа дөрвийг нь авч үлдээд үлдсэнийг чөлөөлье гэсэн саналыг хэлжээ. Тодруулбал, ерөнхий чиг үүргийн яамд буюу Эдийн засаг хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамыг дэд сайдтай нь үлдээж, үлдсэнг нь чөлөөлье гэжээ.

Энэ нь АН-ын бүлгийн гишүүдийн бухимдлыг төрүүлж, "Бид дэд сайд нараа чөлөөл гэсэн болохоос цөөлчих гэж хэлээгүй. Бидэнд шинэ жилийн хямдрал үзүүлэх шаардлагагүй" гэсэн тайлбарыг хэлж буй. Үндсэн хуулийн 43.1-т "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" гэж заасан байдаг. Ингэхээр 32 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурвал уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх нөхцөл бүрдэх байгаа юм.

Харин АН-ынхан 32 гишүүний гарын үсгээ бүрдүүлээд баасан гараг эсвэл ирэх даваа гараг /2025.12.29/-нд Засгийн газрыг огцруулах бичгээ УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа аж. Нөгөөтэй энэ сарын 29-ны өдөр бүх нийтээр амарна. 

Ингэхдээ нэг асуудал ярьж буй нь дөнгөж босго давуулаад буюу 32 гишүүний гарын үсэгтэй өргөн барих уу эсвэл цул харагдахын тулд бүлгийн 42 гишүүнээр бүгдээр нь гарын үсэг зуруулаад өргөн барих уу гэдгийг ярилцжээ. Бүгдийг нь гарын үсэг зуруулахад нэг асуудал тулгарсан нь зурахгүй гэж гүрийж байгаа 10 орчим хүн байгаа аж.

О.Цогтгэрэл гишүүдийн гарын үсгийг зуруулахдаа "Бүлгийн шийдвэр гарсан учир дагах ёстой. Хэрвээ дагахгүй бол улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй" хэмээн тулгажээ. Тэрбээр ингэж 30 гаруй гишүүний гарын үсгийг цуглуулж чадсан. Харин үлдсэн 10 гишүүнийхээ гарын үсгийг авахын тулд даваа гарагт бүлгийн хурлаараа "гурван одтой" шийдвэр гаргаж, бүлгийн шийдвэрээс сөрсөн хүнд цаашид улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй хэмээн тулгах нь. 

-ЭНЭ САРЫН 31-НИЙ ӨДӨР НАМРЫН ЧУУЛГАН ЗАВСАРЛАХ БӨГӨӨД АН ЭНЭ ХУРЛЫН ИРЦИЙГ БҮРДҮҮЛЭХГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ-

Харин МАН-ынхан харзнасан байдалтай байгаа бөгөөд саяхан хоёр хуваагдсан тус бүлгийн гишүүдийн ихэнх нь Г.Занданшатарын талдаа байгаа нь мөн бодитой. Тодруулбал, гомдсон 30 гишүүнээс 20 орчим нь Г.Занданшатараа налсан байгаа. Хэрвээ АН-ынхан МАН-ын дэмжлэгийг хүсч байвал тэднийг дэмжих 10 гаруй хүн л байгаа.

Харин одоо АН, МАН нэг зүйл дээр ухаанаараа уралдуулах магадлалтай. Тодруулбал, намрын чуулганы хуралдах ёстой 75 хоног ирэх долоо лхагва гарагт буюу энэ сарын 31-ний өдөр дуусч байна. АН-ынхан намрын чуулганы хугацаанд багтаан Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцүүлэх хүсэлтэй байгаа. Харин МАН-ынхан энэ сарын 31-ний чуулганы хуралдааны ирцийг яаж ийж байгаад бүрдүүлж намрын чуулганыг завсарлуулах тактиктай ажиллаж байна. Тиймээс ч гишүүдээс "Энэ өдрийн чуулганы хуралдаанд та суух уу" хэмээн асууж ирцийг нь бүртгэж эхэлжээ. 

Үндсэн хуулинд Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барьснаас хойш 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан. Энэ дагуу МАН энэ сарын 31-ний ирцээ бүрдүүлээд намрын чуулганыг завсарлуулах, Засгийн газрыг огцруулах асуудлыг хаврын чуулган руу шилжүүлэхээр ажиллах нь. 

Харин АН-ын бүлэг 31-ний өдрийн чуулганы хуралдааны ирцийг бүрдүүлэхгүй хаяж гарах хариу төлөвлөгөө боловсруулжээ. Хэрвээ ирц бүрдэхгүй бол 75 хоногоо гүйцээгээгүй гэдэг шалтгаанаар намрын чуулганы хуралдаан сунана. Тэр богино зайнд тэд саналаа хэлэлцүүлэхээр шахах нь. Нөгөө талд Ерөнхий сайд Г.Занданшатар АН-ын бүлгийн саналыг хүлээж авбал Засгийн газрын тухай хуулиа зөрчихөөс гадна улс төрийн хувьд цаашид тэдний хармаанд орсноос ялгаагүй учир шаардлагыг нь хүлээж авахгүй хэмээн үзэж байна.  




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө