Т.Даваажаргал: Урьдчилж мэдэгдэлгүй нэг л өглөө компанийнх нь дансыг барьчихдаг "дарангуйлал"-аа зогсоож, боломж олгох хэрэгтэй байна

Т.Даваажаргал: Урьдчилж мэдэгдэлгүй нэг л өглөө компанийнх нь дансыг барьчихдаг "дарангуйлал"-аа зогсоож, боломж олгох хэрэгтэй байна

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед татвар төлнө гэдэг аж ахуй нэгжүүдэд бэрхшээл болж буй. Улмаар Монголд 200 гаруй мянган аж ахуйн нэгж дансаа хаалгасан гэх албан бус тоо байна.  Тэгвэл тэдгээр аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болох “Нүүдэлчний соёл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Даваажаргалтай ярилцлаа.

ВИДЕО:

"ЭНЭ ҮЕД БИД АМЬД ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨ Л ТЭСЭЖ БАЙНА"

-Танай компанийн хувьд хэдэн оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол. Өдгөө хэдэн хүнийг ажлын байраар хангаад явж байна вэ?

-Манай компанийн нэрийг “Нүүдэлчний соёлгэдэг. Манай компани 2001 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өдгөө дөрвөн төрлийн брэнд хөгжүүлээд явж байгаа.  Миний хувьд энэ компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал. Анх эхэлж байсан үеэ бодоход 22 хүнийг байнгын ажлын байраар хангаад явж байгаа.

-Бараг 25 жил бизнес эрхэлж байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд танай компани нийт хэдий хэмжээний татвар төлсөн бол.

2001 оноос хойш багагүй их татвар төлсөн байгаа байх. Гэхдээ бид тоонд ач холбогдол өгдөггүй. Татвар төлөх нь хууль шүү дээ. Харин сүүлийн хоёр жил зах зээл муудаж, иргэдийн худалдан авах чадвар муудсан. Энэ нь бидэнд шууд нөлөөлж байна. Маш гоё брэнд хөгжүүлж, сайн үйлчилгээ үзүүлсэн ч борлуулалт маш муу байна. Бидний хувьд шинэ жилийн баяртай холбоотойгоор борлуулалт хамгийн сайн байдаг үе. Гэтэл энэ үед бид амьд үлдэхийн төлөө л тэсэж байна. Урт хугацааны ашиг, хөрөнгө оруулалт зэргийг ч бодох араггүй нөхцөл байдалтай байна гэсэн үг. Үүд хаалгаа барихгүй юм сан гээд амьд гарах гэж тэмцэж байна. Зөвхөн манайх бус олон газарт ийм байгаа болов уу гэж бодож байгаа.

"“ТӨР ОРШИХУЙ ДОР ТАТВАР БУЙ” ГЭДЭГ ҮГ БОЛ ТАРХИ УГААЛТ"

-Та төлсөн татвартаа сэтгэл хангалуун байдаг уу?

-“Төр оршихуй дор татвар буй” гэдэг үг байдаг. Энэ үг надад тархи угаалт шиг санагддаг. Бидний төлсөн татварыг эрүүл мэнд, батлан хамгаалах зэрэг салбаруудад зарцуулдаг. Эдгээр салбарууд маш чухал. Гэхдээ Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа татварын бодлого өөрөө буруу байна. Жил тутам татвар нэмэгдсээр байна. Мөнгөний ханш унаж байгаатай холбоотойгоор бид хичнээн хичээсэн ч татвараа төлж чадахгүй байна. Бүтэн жилийн турш ажилчдын цалин, татвараа яах вэ гэж бодож өнгөрүүлдэг болсон. Би өмнө нь бүх татвараа хугацаанд нь төлдөг байсан. Гэтэл өдгөө яаж ч хичээгээд татварын өртэй болчхоод байна.

-Компанийн тань дансыг хаасан гэсэн. Урьдчилж мэдэгдэлгүй нэг л өглөө хаасан хэрэг үү?

-Тийм ээ. Би 20 гаруй жил бизнес эрхэлж байна. Энэ хугацаанд би анх удаа дансаа хаалгаж байна. Тэгээд хариуцсан байцаагчтайгаа ярихаар “Та хуулиа унш, таны буруу” гэсэн л тайлбар хэлдэг. Хэн ч тэгж хэлнэ. Гэхдээ яагаад энэ олон аж ахуйн нэгж татварын энэ их дарамт, өрөнд ороод байна вэ гэдгийг хэн ч ярихгүй байгаа юм. Ерөнхий сайд Г.Занданшатар данс хаах нь буруу гэж хэлсэн байсан. Гэсэн ч тэр хөрсөн дээрээ буухгүй байна. Бидэнд маш дээрэнгүй ханддаг. Би 50 орчим сая төгрөгийн өртэй байсан юм. Мэдээж, би ондоо шахах төлөвлөгөөтэй байсан.

Данс хаах болохоороо нэг л өглөө гэнэт хаачихсан. Харин би дансандаа мөнгөө байршуулчихлаа, дансаа нээлгэе гэж хэлэхээр Нийгмийн даатгал орж бичгээ аваад банкин дээрээ очиж нээлгэ гээд хэлж байна.

"НЭГ Л ӨГЛӨӨ ШУУД ДАНСЫГ НЬ ХААХ ЭРХ МЭДЭЛ ТӨРД Л БИЙ"

-Олон аж ахуйн нэгжүүд хүчирхийллийн хэлбэртэй энэ арга буруу гэж буруушааж байгаа бололтой.

-Данс хаах нь хөдлөх ямар ч аргагүй нөхцөлд хүргэж байгаа юм. Миний хувьд үүнийг зөвхөн төрд байдаг албадлагын арга хэмжээ гэж ойлгож байна. Төрд л ийм эрх мэдэл бий. Ийм нөхцөлд орсон тохиолдолд хариуцсан хүмүүс нь “Та хуулиа унш” гэдэг ганц үг хэлдэг. Боломж нөхцөл байсан бол хэн ч өртэй байхыг хүсэхгүй шүү дээ. Аж ахуй нэгж байгуулаад явах сонголтыг би хийсэн учир хэнд ч ялархаж, гомдоллохгүй. Гэхдээ ажиллах, амьдрах боломж хэрэгтэй байна. Өдийг хүртэл багагүй цаг хугацаа зориулсан учир цаг хугацааны хүндрэлийг давна гэсэн итгэл найдвар тээгээд тэсэж байгаа.

-Таны хувьд аргалаад дансаа нээлгэж байгаа юм байна. Харин бүх аж ахуй нэгжүүд чадахгүй.

-Тийм ээ. Төр данс хаасан бол нээнэ гэсэн ойлголт байхгүй. Авч байж л сална. Зарим хүмүүс сошиалд уйлж, дуулаад дансаа нээлгэж байгаа харагддаг. Бид бүгд сошиалд гардаггүй. Бидний хувьд орлогоороо л бүх үйл ажиллагаагаа санхүүжүүлнэ. Гэтэл орлогынх нь 50 хувийг шууд төр авчихдаг.

-Та сар бүр хэдэн төгрөгийн татвар төлдөг вэ?

Бид бол үйлдвэрлэгч улс биш. Би сард 200 сая төгрөгийн орлого олсон бол 20 сая төгрөгийг НӨАТ-т төлнө гэсэн үг. Гэтэл бидэнд худалдан авалт хийсэн ч НӨАТ-ын буцаан олголт байхгүй. Өнгөрсөн жилийн турш татварыг бууруулна гэж ярьсан. Ямар ч өөрчлөлт гараагүй. Энэ чигээрээ үргэлжилсээр байвал олон аж ахуй нэгж хаалгаа барих байх.

"ТӨР ДАНС ХААСАН БОЛ АВЧ БАЙЖ Л САЛНА"

-Олон жил бизнес эрхэлсэн хүний хувьд шийдэл юу вэ?

Ер нь бол төрийн бүтэц шүү дээ. Айл жилийн орлого, зарлагаа төлөвлөдөг шүү дээ. Түүнтэй ижил. Гэтэл төр тэр зохион байгуулалтаа хийж чадахгүй байна. Татварын мөнгийг маш үр ашиггүй зарцуулдаг. Тэгээд бонд гаргаад баахан өр тавьчихдаг. Ингээд эргээд аж ахуйн нэгжүүдээ дарамталж, шахдаг. Бид гуравхан сая хүн амтай. Гэтэл маш данхар төртэй. Төрийн албан хаагч, сайд дарга нарынх нь цалин нүсэр.

Төр ерөөсөө баялаг бүтээдэггүй шүү дээ. Би Ерөнхий сайд Г.Занданшатарт нь хандаж “Бидний дансыг хаах гэж байгаа бол боломж олгож, тохиролцооч” гэж хэлмээр байна. Угаасаа бид төлөх нь тодорхой шүү дээ. Зах зээл нь ажиллахгүй болохоор бидэнд өгөх зүйл байхгүй байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Чимээгүй байж байгаад л "Өршөөлийн хууль" гаргах тухай ярьж байна. Бид тэрийг огт хүсээгүй.

Өмнө нь би өөртөө их буруу өгч боддог байлаа. Би зах зээлээ олж чадахгүй, буруу бүтээгдэхүүн үйлчилгээ хийгээд байна гэж боддог байсан. Гэхдээ одоо би тэгж бодохоо больсон. Бид хамаг чадахаараа хичээж байгаа. Төр засагт  "Хариуцлага хаана байна" гэж дахин, дахин хэлмээр байна. ААН-үүдийг өөрсдийнхөөрөө байх боломжийг нь өөрсдөө хуулиараа хааж боомилчихсон. Тэгсэн хэр нь Төрийн ордонд Эдийн засгийн эрх чөлөөний хууль гэдэг юм яриад байж байна.

-Ярилцлагын төгсгөлд та юу хэлэх вэ?

- Надтай ижил нөхцөлд байгаа 20 мянга гаруй ААН байгаа. Бид татвараас чөлөөл, татвар төлмөөргүй байна гэж ерөөсөө хүсдэггүй. Бас тийм зүйл ярихгүй. Харин хэцүү цаг үед албадлагын арга хэмжээ авахаа зогсоогооч гэж хүсэж байгаа. Ганц Засгийн газар огцроод болчихгүй гэдгийг хүмүүст сануулмаар байна.

-Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө