ВИДЕО: Богдхан ууланд цас ихээр орж, өвөлжилт хүндэрсэн тул бугын сүрэг хүний суурьшлын бүс руу сүрэглэн орж ирэх болжээ

ВИДЕО: Богдхан ууланд цас ихээр орж, өвөлжилт хүндэрсэн тул бугын сүрэг хүний суурьшлын бүс руу сүрэглэн орж ирэх болжээ

Сүүлийн үед Богдхан уулнаас буга бууж суурьшлын бүс болон Улаанбаатар хот руу орж ирэх болсон гэх зураг, бичлэг бүхий мэдээлэл сүүлийн үед цахим сүлжээнд ихээр гарах болсон. Тэгвэл бид сэрэмжлүүлэг болгох үүднээс Богдхан уулын Хүрхрээ амнаас дараах мэдээллийг бэлтгэлээ. 

ВИДЕО: 

-ЦАГ АГААРЫН НӨЛӨӨГӨӨР ЗЭРЛЭГ АМЬТАД УУЛНААС БУУХ БОЛЖЭЭ-

Богдхан уулыг туруутан хөхтөн амьтан амьдрах таатай орчин гэж үздэг байна. Энэ ч утгаараа ан амьтад өсөн нэмэгдсээр байгаа аж. Хамгийн сүүлд хийгдсэн судалгаагаар Хустайн байгалийн цогцолбор газар, Богдхан уул, Хөгнөхан уул зэрэг газруудаар 4000 гаруй буга байна гэж тоологдсон байна. Бугын тоо өсөн нэмэгдсэн, цаг агаарын эрс тэс уур амьсгалын нөлөөгөөр зэрлэг амьтад уулнаас буух болжээ. 

Богдхан уулын Хүрхрээ аманд гэхэд өчигдрийн /2025.12.23/ байдлаар 60 орчим буга хоёр хэсэг болон идээшиж байгаатай бид таарсан юм.

Тус амны байгаль хамгаалагч "Хоол тэжээл хайсан бугын сүрэг уулнаас бууж ирэх болсон. Харин иргэд эдгээр ан амьтдыг үргээж, цочоохгүй байх дээр анхаарах хэрэгтэй. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид бугын сүргийг хамгаалах, эрсдэлд оруулах байхад анхаарч ажиллаж байгаа" гэдгийг хэлж байв.

Харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн Н.Бүтэнсайн "Богдхан ууланд энэ жил цас ихээр орж, өвөлжилт хүндэрсэн учраас бор гөрөөс, буга зэрэг зэрлэг амьтад уулын бэл рүү орж ирэх, тэр дундаа суурьшлын бүс руу сүрэглэн орж ирэх тохиолдол сүүлийн үед ихээр ажиглагдаад байна. Ингэснээр зэрлэг амьтад төмөр зам болон авто зам дээр дайрагдах, бэртэх, зэрлэг нохдод бариулах, шархдах болоод стандарт бус хашаанд сүлбүүлж, хавчуулагдах зэрэг эрсдэл хүндрэл ихээр гарч байна.

Богдхан ууланд гарч, алхаж буй иргэд буга зэрэг зэрлэг амьтадтай таарахдаа зургаа даруулах, хоол тэжээл өгч буй дүрс бичлэг цахим орчинд гарах болсон. Зэрлэг амьтад нь өөрийн гэсэн зан төрх, авир ааштай байдаг. Тийм болохоор зэрлэг амьтадтай хэт ойртох, үргээх, гаршуулах нь хууль зөрчсөн үйлдэл. Нөгөөтээгүүр зэрлэг амьтдад хэд ойртсоноос үүдэж, эвэрт нь сүлбүүлэх, хатгуулах зэргээр эрүүл мэнд, амь насаа эрсдэл оруулах эрсдэлтэй гэдгийг ухамсарлан буга зэрэг амьтадтай таарвал үргээж, цочоохгүй байх, гараасаа хоол тэжээл өгөхгүй байх тал дээр анхаарахыг сэрэмжлүүлж байна" гэсэн юм.

Мөн Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас өвөлжилт хүндэрсэн тохиолдолд Амьтны тухай хуульд заасанчлан зэрлэг амьтадад хужир шүү тавих зэргээр био техникийн арга хэмжээ авч ажилладаг гэдгийг тэрбээр тодотгож байлаа. Иймд иргэд өөрсдийн болон ойр дотнынхоо хүмүүсийг эрсдэлд оруулахгүй байх үүднээс уулнаас буусан бугын сүрэгтэй таарвал мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагаж мөрдөхийг сэрэмжлүүлж энэхүү мэдээллийг бэлтгэлээ. 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө