Мьянмарын баруун Чин мужид Бирмийн цэргийнхэн сонгуулийн өмнө газар нутгаа эргүүлэн авах зорилгоор агаарын болон хуурай замын довтолгоо эрчимжүүлснээр мянга мянган энгийн иргэн орон гэрээ орхин дүрвэхэд хүргэжээ.
Өнгөрөгч 11 дүгээр сарын 26-нд К-Хаймуал тосгонд болсон агаарын цохилтын дараа оршин суугч Ианг За Ким хөрш тосгонд дэлбэрэлт болж, сөнөөгч онгоцууд нисэж байгааг харсан байна. Тэрээр “Бид бөмбөгдөнө гэж айж, хоол хүнс, хувцсаа аваад ширэнгэн ой руу зугтсан” хэмээн ярьжээ.
Тэрээр энэ сарын 28-нд эхлэх сонгуульд оролцохоос зайлсхийхийн тулд зугтсан гэдгээ хэлсэн байна. “Хэрэв санал өгөхөөс татгалзвал баривчилж, тамлан зовоох аюултай” гэжээ.
Орон нутгийн иргэдийн хэлснээр энэ нь сүүлийн гурван жил гаруйн хугацаанд Чин мужид болсон хамгийн ширүүн довтолгоо аж. Дүрвэгсдийн зарим нь мужийн дотоодод хоргодож байгаа бол хэсэг нь Энэтхэгийн Мизорам муж руу хил давжээ. Чин мужийн хүний эрхийн байгууллагын мэдээлснээр есдүгээр сараас хойш тус мужид гурван сургууль, зургаан сүм агаарын цохилтод өртөж, зургаан хүүхэд зэрэг 12 хүн амь үрэгджээ. BBC агентлаг 10 дугаар сард Ванха тосгоны сургуулийг бөмбөгдсөнийг баталгаажуулсан бөгөөд хоёр сурагч амиа алдаж, арав гаруй хүүхэд шархадсан байжээ.
2021 оны хоёрдугаар сард цэргийнхэн төрийн эргэлт хийснээс хойш Мьянмар даяар зэвсэгт эсэргүүцэл өрнөж, хунта энгийн иргэдийг онилж байна гэсэн олон улсын шүүмжлэл тасраагүй юм. Цэргийн засгийн газар энэ сарын 28-нд эхлэх сонгуулийг “чөлөөтэй, шударга” болно гэж мэдэгдсэн ч, Аун Сан Су Чигийн удирдсан Ардчиллын төлөөх Үндэсний Лиг нам сонгуульд оролцохгүй, учир нь түүний болон намын удирдлагуудын ихэнх нь хоригдож байгаа аж. Олон энгийн иргэд болон босогчдын бүлгүүд уг сонгуулийг хуурамч хэмээн нэрлэж, “цэргийн дэглэмийг уртасгах зорилготой” гэж үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC