С.Баяр: Путин Монголд 100 колонк байгуулж өгөөд хариуд нь Асгатын ордыг авна гэхэд нь "Парламент шийднэ" гэж хэлээр уур цухлыг нь хөдөлгөж байв

С.Баяр: Путин Монголд 100 колонк байгуулж өгөөд хариуд нь Асгатын ордыг авна гэхэд нь "Парламент шийднэ" гэж хэлээр уур цухлыг нь хөдөлгөж байв

Шатахуун хомстож нөхцөл байдал хүндэрсэн өдрүүд үргэлжилсээр байна. Манай улсын хувьд нийт шатахууны 98 хувийг ОХУ-аас импортлодог. Харин үлдсэн 2 хувийг БНХАУ-аас авдаг билээ. 

ОХУ-ын дотоодод дайнтай хэд, хэдэн нефтийн үйлдвэр нь бөмбөгдүүлснээс болж манай улсын импорт тасалдсан гэх мэдээлэл бий. Ер нь шатахууны хувьд нэг улсаас хараат байж ирсэн талаар Ерөнхий сайд асан С.Баяр доорх байр суурийг цахим хаягтаа нийтэлжээ. Тэрбээр Монгол Улс парламентын засаглалтай байхын давуу талыг ч мөн дурдсан байна. Тодруулбал, нийтлэлч Баабар "Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа Москвад айлчлахад Путин Улаанбаатарт Оросын 100 колонк байгуулна гэсэн. Бас хил дээрх Асгатын мөнгөний ордыг нэхсэн. Н.Энхбаяр зөвшөөрсөн. Гэвч улаан хил дээр газар Орост эзэмшүүлнэ гэдэг нь урьдын түүхэн туршлагаас аюултай гэдгийг мэдэж байв. Эргэж ирээд УИХ-тай тохиролцоод их хурал зөвшөөрөөгүй. Тэрийг Ерөнхий сайдтай тохирч Оросын гараас мултарч байв. Ерөнхий сайд С.Баяр Москвад Путинтэй уулзахад Мардайгаас Канадыг хөөж гаргаад Орос, Монгол хамтарч ажиллана гэж тулгасан. Баяр зөвшөөрсөн ч Орос, Монгол Японы Тошиба гурвалсан ашиглана гэснийг Путин зөвшөөрөөгүй. Тэгэхэд нь ураны ордыг ашиглахад Монгол 50 хувийг нь үнэгүй авна гэдэг хууль санаачлаад бас Оросын гараас мултарсан. Өөрөөр хэлбэл "манай парламент зөвшөөрдөггүй ээ" гэдэг бол сайн гарц, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд өөрөө Путины өмнө буруугүй гэдгээ харуулж буй хэрэг" гэжээ. 

Харин түүний энэ байр суурьтай холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр "Путин Асгатыг Н.Энхбаяртай, Улаанбаатарт 100 колонк байгуулах сэдвийг надтай ярьсан. Бензин тасалдаад хэцүү байсан ч машин цөөн байсан тул нийтийг хамарсан бухимдал болдоггүй байв. Би "100 колонк байгуулах нь манай хуульд нийцэхгүй. 40 хувь илүү бөөний нийлүүлэгч жижиглэн эрхэлж болохгүй" гэхэд "Танайд түлш үнэхээр хэрэгтэй байгаа бол хуулиа өөрчилж болно шүү дээ" гэж Путин хариу өчив. Би "Манайх парламентын засаглалтай улс. Хууль батлах, өөрчлөх асуудлыг зөвхөн парламент л мэднэ. Таны энэ саналыг би нутагтаа очоод түүндээ дуулгая" гэж уур цухлыг нь анх хөдөлгөсөн түүхтэй" гэжээ.