П.Дэлгэрнаранг Гаалийн даргаар, Б.Анхбаярыг Автотээврийн Үндэсний төвийн даргад, М.Баярмагнайг “Эрдэнэс Тавантолгой”-н захиралд зүтгүүлж байна

П.Дэлгэрнаранг Гаалийн даргаар, Б.Анхбаярыг Автотээврийн Үндэсний төвийн даргад, М.Баярмагнайг “Эрдэнэс Тавантолгой”-н захиралд зүтгүүлж байна

Төрийн байгууллага болон төрийн өмчит компаниудын зарим удирдлагуудыг албан тушаалаас нь чөлөөлөх, томилох ажил үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг чөлөөлж, Ж.Болдыг, МИАТ-ын Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг чөлөөлж, Т.Тэлмэнг, ШШГЕГ-ын дарга Б.Нандинболорыг чөлөөлж, А.Намсамандыг, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяаг чөлөөлж, С.Баатарсүрэнг томилсон бөгөөд халаа, сэлгээний ажил үргэлжлэх мэдээлэл байна.

-СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА АСАН П.ДЭЛГЭРНАРАНГ ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛНО-

Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Түүний хувьд 2020 оноос хойш энэ албан тушаалд ажиллаж байсан бөгөөд өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байжээ.

Тэгвэл П.Дэлгэрнаран саяхан ажлаасаа чөлөөлөгдсөн Р.Отгонжаргалын оронд Гаалийн Ерөнхий газрын даргаар томилогдох гэнэ.

Р.Отгонжаргал нь гаалийн алба хаагчид их хэмжээний авлига авсан хэргийн дараагаар ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Ямартаа ч энэ албан тушаалд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, “Автобус-3” компанийн захирал, “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, Сонгуулийн ерөнхий хорооны дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан П.Дэлгэрнаран томилогдох нь.

-БАЯНХОНГОРЫН М.БАЯРМАГНАЙГ “ЭРДЭНС ТАВАНТОЛГОЙ”-Н ЗАХИРАЛД ЗҮТГҮҮЛЖ, ЗАМЫН-ҮҮДИЙН ЗАСАГ Б.АНХБАЯРЫГ АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛД ТОМИЛНО-

Мөн Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын захирал С.Адъяасүрэнг Монголын харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзоригийн оронд томилох мэдээлэл байна.

Түүнчлэн "Нэтком" буюу Мэдээлэл Холбооны сүлжээ ХХК-ийн захирлаар саяхан томилогдсон М.Бармагнайг “Эрдэнэс тавантолгой”-н захиралд зүтгүүлж байгаа гэх мэдээлэл байна.

Түүний хувьд Баянхонгор аймгийнх бөгөөд Ерөнхий сайдтай нэг нутаг. Тэрбээр өмнө нь Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга, ЗГХЭГ-ын дэд дарга, Эрчим хүчний дэд сайд зэрэг албан тушаалыг хашиж байлаа. Үүгээр зогсохгүй, нэг үе авлигын хэрэгт холбогдоод байсан Замын-Үүдийн засаг дарга Б.Анхбаярыг Автотээврийн үндэсний төвийн захирлаар томилох гэнэ. Эргэн сануулахад, 2021 оны долдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын мөрдөгчдөөс бүрдсэн тусгай баг дагуулан Замын-Үүдэд очиж, Засаг дарга Б.Анхбаяр нарын зургаан албан тушаалтныг баривчилж байв.