БАРИМТ: Дампуурсан Капитал, Чингис хаан банк болон Хөгжлийн банкны өр төлбөрт 140 гаруй тэрбумын үл хөдлөх хөрөнгө байна

БАРИМТ: Дампуурсан Капитал, Чингис хаан банк болон Хөгжлийн банкны өр төлбөрт 140 гаруй тэрбумын үл хөдлөх хөрөнгө байна

Ерөнхий сайдын 2025 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 75 дугаар захирамжаар "Төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий "Ажлын хэсэг"-ийг байгуулсан. Иргэд ч Капитал болон Хөгжлийн банкны чанаргүй зээлийг барагдуулахыг шаарддаг билээ. 

Тэгвэл өнөөдрийн байдлаар дээрх ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ. Иймд дампуурсан банкиудаас өр барагдуулах, энд ямар хөрөнгүүд байршиж буй нь анхаарал татаж буй. Тэгвэл Нийгмийн даатгалын сангийн 63.19 тэрбум төгрөгийг Капитал банкнаас, Чингис хаан банкнаас 84.95 тэрбум, нийт 148.14 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байна. Харин Эрүүл мэндийн даатгалын сангийн 75.4 тэрбум Капитал банканд, Чингис хаан банканд 27.5 тэрбум, нийт 102 тэрбум төгрөгийн авлага үлджээ. 

Мөн Хөгжлийн банк болон түүний охин компани Чингис хаан банкнаас нийт 45.7 тэрбум төгрөгийн авлагатай байжээ. Үүнээс 12.6 тэрбум төгрөгийн өр төлбөрт "Ханхилсс хотхон"-ы 19 ширхэг орон сууцыг тооцон авсан байна. Үүний 16 орон сууцыг зарж борлуулсан бол үлдэгдэл 3 орон сууцны урьдчилгаа төлбөр төлөгдөж арилжааны банкны зээл судлуулах шатанд буюу зээлийн шийдвэр хүлээгдэж байгаа аж. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн дунд шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн 18 зээлийн 807.4 тэрбум, Иргэний шүүхэд хандсан 534.2 тэрбум төгрөгийн 5 зээл, эрүүгийн журмаар 90 тэрбум төгрөгийн 6 зээл хянагдаж байгаа нь шүүхийн шийдвэр гарсны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хангагдахаар байна. 

-ХУРААЖ АВСАН ШИНЭ ЯАРМАГ ХОТХОНД ЭМЧ, БАГШ НАРЫГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ОРУУЛЖ НИЙГМИЙН АСУУДЛЫГ НЬ ШИЙДВЭРЛЭНЭ-

1. Одоогийн байдлаар Хөгжлийн банкны өрөнд хураагдсан Шинэ Яармаг хотхоны 65.3 тэрбум төгрөгийн 540 айлын дуусаагүй орон сууцны барилга байна. Үүнийг 103.2 тэрбум төгрөгөөр баталгаажуулан, магадлалын дүгнэлтийг гаргажээ. Дээрх хөрөнгийг ашиглалтад оруулж, эмч болон багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх аж. 

2. Гантиг вилла хотхоны 86.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 9 блок барилга байна. Эдгээр дуусаагүй барилгыг гүйцээн барих төсөвт өртгийг тогтоох замаар худалдан борлуулах нь зүйтэй гэж үзсэн. Уг барилгыг барихад 20.5 тэрбум төгрөг гарахаар байгаа аж. Уг барилгыг Капитал банкны өрөнд хураан авсан билээ. 

3. Да хүрээнд байрлах Даймонд төвийн 471.23 м.кв талбай бүхий 0.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий үйлчилгээ оффисийн талбайг худалдан борлуулах шийдвэрийг гаргажээ. Энэ барилгыг "Нэг цэгийн үйлчилгээний төв" болгох саналыг Хотын дарга Х.Нямбаатарт тавьсан ч хариу ирээгүй байна.

4.  Хөгжлийн банкны өрөнд хураасан Шинэ Яармаг хотхонд байрлах 924 мкв талбай бүхий 2.9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үйлчилгээ, оффисын зориулалттай дотор засал нь дуусаагүй үл хөдлөх хөрөнгийг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой тул Боловсролын сайдын багцад суулгах  замаар шийдвэрлүүлэх аж. 

-АЧЛАЛ ТРЕЙД ХХК-ИЙН БАРЬСАН ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН ҮНЭ ДЭЭР ТОХИРООГҮЙ БАЙНА-

5.  Пирамид орд ХХК-аас зээлийн өр төлбөрт 648 мкв талбайтай 2 давхар цэцэрлэгийн зориулалттай, 100 хүүхдийн хүчин чадалтай, 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 2 тэрбум төгрөгөөр тооцон өгөх санал гаргажээ. Уг барилгыг Боловсролын сайдын багцад суулгаж байгаа аж. 

6. "Ачлал трейд" ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 120 ортой, 10.452м2 талбайтай эмнэлгийн барилгыг төлбөр төлөгчтэй үнийн тохиролцоонд хүрч чадаагүй тул Хөгжлийн банкны зээлийг өөр барьцаалбараар хангуулахаар ажиллаж байгаа аж. Уг барилгыг Хөгжлийн банкны 40.9 тэрбум төгрөгийн өр төлбөрт тооцуулан өгөх саналыг төлбөр төлөгчөөс санал болгосон. Гэхдээ тухайн хөрөнгийг 88.9 тэрбум төгрөгөөр санал болгосон тул Барилгын хөгжлийн төвөөр үнэлгэ хийлгэхэд 33.9 тэрбум төгрөгөөр үнэлжээ.

Мөн Хөгжлийн банканд "Цемент Шохой" ХХК нь 450.8 тэрбум төгрөгийн өртэй байгаа бөгөөд эргэн төлөлт хийгдээгүй байгаа аж.