УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын дарга Н.Учралаас Монголбанкны Ерөнхийлөгчид "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал асан С.Наранцогтыг нэр дэвшүүлж, энэ сарын 16-ны өдөр сонсголыг хийсэн. Улмаар өчигдөр Эдийн засгийн байнгын хороо хуралдаж түүнийг Монголбанкны ерөнхийлөгчид томилохыг дэмжсэн. Тэгвэл түүний Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.8 хувь нь дэмжлээ.
С.Наранцогт 1973 онд Дундговь аймагт төрсөн. Монгол Улсын их сургуулийн Физик математикийн сургуулийг физикч математикч мэргэжлээр 1994 онд төгсөж, 1999-2001 онд тус сургуульд магистрын зэрэг, 2005-2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1993-1997 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Шинжлэх ухаан техникийн мэдээллийн төвд инженер, ахлах инженер, 1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч, 2000-2003 онд “Айси” ХХК-д ерөнхий менежер, 2003-2005 онд Санхүү, эдийн засгийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга, 2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга, 2015-2017 онд Сангийн яаманд газрын дарга, 2017-2021 Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2021-2022 оноос Эдийн засаг, хөгжлийн Дэд сайдаар ажиллаж байгаад 2022 оноос хойш “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм байна.