"Нүүрсээ хямд өгч байгаа бол үнийг нь нэмэгдүүлж Харбины гэрээг сайжруулах л зорилготой" гэв

"Нүүрсээ хямд өгч байгаа бол үнийг нь нэмэгдүүлж Харбины гэрээг сайжруулах л зорилготой" гэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.12.18/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын санаачилсан "Төмөр замын хил холболтын гэрээг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл"-ийг байгуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Уг санаачилгыг УИХ-ын нэр бүхий 40 гишүүн дэмжиж  гарын үсэг зурсан байдаг. 

Уг асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар шийдвэрлэхтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат, Ж.Золжаргал нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат " Харбины гэрээ цаасан дээр буухдаа  УИХ дээр яригдаж байснаас өөр болсон. Харбины гэрээ байгуулагдаад нэг жил болж байна. Тиймээс энэ гэрээг ил болгоод сайжруулах зүйл байвал сайжруулах ёстой. Эдийн засгийн байнгын хороо болон нам, намын төлөөлөл оролцсон 11 гишүүнтэй түр хороог байгуулсан. Ард түмний мэдэх эрхийг хангасан сонсгол болно гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Ж.Баярмаа  "Харбины гэрээний хүрээнд гурван гэрээг хийсэн. Нэгдүгээрт, Хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын гэрээ. Хоёрдугаарт, нүүрс худалдах, худалдан авах гэрээ. Гуравдугаарт, хүчин чадлыг нэмэгдүүлэх буюу олборлолт дээр хамтарч ажиллах. Энэ хороог байгуулж, хянан шалгах ажиллагааг хийлгэхгүй байх сонирхолтой хүмүүс байна. Тиймээс  сошиал орчинд энэ ажлыг мушгин гуйвуулж явж байна. Тодруулбал, төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын ажлыг гацаах гэж байна гэж. Энэ бол гүжир, гүтгэлэг. Бидэнд ийм зорилго огт байхгүй. Эсрэгээрээ дэмжиж  байгаа. Учир нь төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын зардлыг Монголын тал 100 хувь хариуцаж байгаа. Ойролцоогоор 1 орчим их наяд төгрөгөөр хилийг холбуулах ажлыг хийж байна. Эрдэнэс Тавантолгой ХК урьдчилгаа мөнгөө ч өгчихсөн. Энэ чухал ажлыг бид дэмжиж байгаа. Харин гуя дагуулж хүзүү гэдэг шиг энэ чухал ажлыг далимдуулж нүүрсээ хямдаар өгч байгаа юм биш үү гэх хардлагыг тайлах үүднээс энэ  сонсголыг зохион байгуулах гэж байна. Уг сонсголд мэргэжлийн хүмүүс ажиллана. Үнэтэй холбоотой асуудлаар мэргэжлийнхэн дүгнэлт гаргах юм. Их сайн үнэ байж үр дүнтэй гэрээ хийсэн байвал Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг сайшаан магтана. Харин алдагдалтай гэрээ хийсэн бол үнийг нь нэмүүлэх тал дээр ажиллах зорилготой. Үнэ нэмэгдвэл Монголын эдийн засагт үр нөлөөгөө өгнө. Учир нь бүхэл бүтэн 16 жилийн турш 256 сая тонн нүүрсээ өгөх гэж байгаа асуудал шүү дээ. Нэг л тогтмол үнээр өгөх нь зөв юм уу. Эсвэл тухайн үеийнхээ зах зээлийн буюу биржийн үнээр зарах нь зөв юм уу. Нэг тонн дээр 10 доллар нэмэхэд 10 их наяд төгрөг Монгол Улсад орох боломжтой болно. Энэ мөнгөөр хэдэн багш, эмчийн цалинг нэмж болох вэ" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал "Ард түмэн мэдэх эрхтэй. Бүх тодорхойгүй асуудлыг тодорхой болгох ёстой.  Түр хороо байгуулах нь хуулийн хүрээнд олгогдсон хэвийн үйл явц. Үүнийг зохион байгуулснаар хэн нэгнийг харлуулж, аль нэг төслийг гацаах зорилго ч байхгүй, эрсдэл ч байхгүй. Энэ  бол Монголын эдийн засаг, нүүрсний худалдаанд хамгийн том нөлөөтэй. Урт хугацаандаа бид нүүрсээ ямар бодлогоор борлуулж, тээвэрлэх юм. Ямар бодлогоор боловсруулахыг энэ сонсголоос гарах үр дүн нөлөөлнө. Хамгийн том орлого олдог салбарт зохион байгуулалтын бодлого одоог хүртэл алга байна. Нүүрсний салбарт үний бодлого, индекс байхгүй байна. Тэнд байгаа хэдэн тээвэрчид нь хаягдчихсан байна. Тиймээс энэ сонсголоос гэрээний ач холбогдол бас салбарын хөгжил цаашид хэрхэх талаарх мэдээлэлтэй болно" гэв. 

ШУУД: