УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголын үеэр мөнгө хүүлэлт хэрээс хэтэрч байгаа тул үүнийг хязгаарлах хуулийн төслийг өргөн барина гэдгээ мэдэгдсэн. Зээлийн хүү, банк бус санхүүгийн байгууллага гээд иргэдийн нуруун дээр маш их ачаа нэмэгдсэн. Иймд бид уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
ВИДЕО:
-Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль санаачилж ажиллана гэж та мэдэгдсэн. Мөнгө хүүлэлт гэдэг та яг юуг оруулж ойлгож байгаа вэ?
-Зээлийн хүүг бууруулах тал дээр бид яриагүй үе байхгүй шүү дээ. Үргэлж л ярьж байсан асуудал. Гэхдээ тодорхой арга хэмжээ авсан үе байхгүй. Үр дүн байсангүй. Монгол банк дээр 2018 онд эхэлсэн зээлийн хүү бууруулах стратеги гэж байна. Гэвч үр дүнгээ өгөөгүй. Одоо эдийн засаг хүндрэлтэй байгаа үед зээлийн хүүний асуудлууд арай дэндлээ. Бүр хязгааргүй дээшээ явж байна. Өдрийн зээл хүртэл гарч ирж байна. Мөнгө хүүлэлт гэдгийн тодорхойлолт нь юу вэ гэхээр эдийн засгийн чадавх муутай иргэдэд өндөр хүүтэй зээл өгч эдийн засгийн хүнд байдалд оруулах нэг ёсны мөлжлөг гэж байгаа юм. Иймд энэ асуудал дээр төрөөс зайлшгүй анхаарал тавих ёстой. Үүн дээр Монгол банкнаас баримталж байгаа мөнгөний бодлого нь зах зээл өөрсдөө зохицуулах ёстой, өрсөлдөөн бий болох ёстой, зээл өгдөг банкуудын мөнгөний эргэлт сайжирч, түүгээрээ өрсөлдөж зээл буух ёстой гэдэг бодлогыг баримтлаад олон жил боллоо.
-40 их наядын зээлийн эргэлттэй байхад хүү буурахгүй байна гэж та ярьсан. Тэгэхээр та хүүг буулгах талаар хуульд хэрхэн зохицуулалт хийхээр ажиллаж байна вэ?
-2010 оны тооцооллоор 3.2 их наяд төгрөгийн зээл эргэлдэж байсан бол өнөөдрийн байдлаар 43 их наяд төгрөгийн зээл эргэлдэж байна шүү дээ. Гэтэл ингэж зээл ихэслээ гээд ямар ч өөрчлөлт байсангүй.
Тухайн үед хүү нь 17 хувьтай байсан бол өнөөдөр тэр хэвээрээ байж л байна. Үүнийг тодорхой хэмжээнд доош нь буулгах, зээлийн хүүний хязгаарыг барьж байдаг хууль зайлшгүй хэрэгтэй болчхоод байгаа юм. Олон улсын хэмжээнд хараад байхад 76 улс үүн дээр зохицуулалт хийж, Эрүүгийн хуулинд оруулж байгаа юм байна. Манай улс ч тодорхой хэмжээнд мөнгө хүүлэлтийн эсрэг арга хэмжээ авах хууль хийх ёстой юм байна. Тэгж байж иргэдийн амжиргаа дээшилж, мөнгөний хүү эдийн засгийн эргэлтэд ордог, цаашлаад улс орны хөгжил, ядууралтай тэмцэх, ажлын байр бий болгох, үйлдвэрлэл бий болгох зэрэг маш том ач холбогдолтой. Иймд үүнийг сонсгол дээр албаар асуугаад ийм хуулийн төсөл өргөн барих гэж байгаа, өргөн баривал та Монголбанкны Ерөнхийлөгчөөр очсон тохиолдолд дэмжих үү гэсэн асуултыг асуухад нэлээд либериал хариулт өгч, хамтарч ажиллаж болно гэсэн.

-Тэгэхээр банкны зээлийн хүү ойролцоогоор хэдэн хувь буурах боломж байна гэж харж байгаа вэ?
-Хууль бичигдэж байна. Судалгаан дээр бас харна. Цөм хийтэл доош буулгах нь дэмий. Банкны өөрийн ашиг 4-6 хувь байгаа шүү дээ. Банкны өөрийн ашиг яагаад нэмэгдээд байна вэ гэхээр хадгаламж бий. Үүний хүү өсөөд байна. Хадгаламжийн хүүг банкууд 16 хувь хүртэл амлаж байна. Тэгэхээр 16 хувь гэхээр банкуудын хамгийн доод талын хүү автоматаар 20 хувь болж байгаа юм. Иймд хадгаламжийн хүүг буулгах асуудлууд яригдана. 100-аад хадгаламж нь нийт мөнгөн хөрөнгийн зээлийн 60 гаруй хувь нь болчхоод байх шиг байна шүү дээ. Тэгэхээр үүнийг доош буулгавал хүн хадгаламжинд мөнгө хадгалуулаад байхгүй, эдийн засгийн эргэлтэнд оруулна, хөрөнгө оруулалтад оруулдаг, хөрсөн дээрээ буусан эдийн засаг руу мөнгө орох бололцоотой болчхоод байна.
Түүнээс биш мөнгөтэй хүмүүс нь эдийн засаг хүндрэлтэй байна гээд тийш мөнгө оруулахаас илүү мөнгөө хадгаламжинд хадгалуулаад байдаг ийм л асуудал үүсчихлээ шүү дээ.
-Зээлийн аппликейшнүүд, банк бус санхүүгийн байгууллага 30 хүртэл хувийн хүүтэй зээл олгож байна. Үүнийг жишээлбэл мөнгө хүүлэлт гэж харах уу. Энэ 30 хувийг буулгах боломжтой гэж ойлгох уу?
-Бүхэлд нь томоор нь үзэх хэрэгтэй. Банкнаас гарах зээлийн хүү хэдэн хувьтай байж болох юм, үүнийг дагаад бусад зээлийн хүү автоматаар буурч ирнэ. Өдрийн зээл, аппликейшний зээлийн хүү бараг 30 хувь болж байна шүү дээ. Урьд нь ийм аппликейшний зээл гэж зүйл байгаагүй. Тэгэхээр энэ мөнгө хүүлэлт чинь улам олон хэлбэртэй болж ирж байна шүү дээ. Үүний цаана аж ахуйн нэгж, иргэдэд асар том дарамт болж байна. Тэгэхээр зээлийн хүү доош буугаад ирэхээр мөнгө хүүлэлт зогсож, аппликейшний зээл, өдрийн зээл зогсоно. Үндсэндээ мөнгөн дүн цэвэр эдийн засаг руу орж эхэлнэ. Арилжааны банкууд хадгаламжийн мөнгөө тодорхой хэмжээний эргэлтэд оруулаад ,цаагуураа мөнгө хүүлэх нь хуулиар явж байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр банкны орлого болох 4 хувь дээшилсэн ч доошилсон банкны үйл ажиллагааны зардал гэдэг зүйл хэзээ ч буухгүй. Тэгэхээр хүү буурах гэдэг асуудал маань хадгаламж эзэмшиж байгаа хүмүүс дээр банкны хүү буурахаас биш банкны орлого буурах асуудал үүсэх ёсгүй.

-Энэ асуудлыг ярихаар маш их лобби байдаг. Бас зах зээлийн зарчмаар шийдвэрлэгдэх ёстой гэсэн хэсэг ч бий. Таны хууль батлагдах боломж хэр байгаа гэж харж байна вэ?
-Банкны хувьд ашиг дээш, доош буурахгүй. Хадгаламж эзэмшигчийн мөнгө зах зээлд эргэлдэх ёстой шүү дээ. Бид нарын тооцоогоор бол 100-аад том хадагаламж бий гэсэн тоо гарч ирж байгаа. Үүнийг гэхдээ дахин сайтар судлах шаардлагатай. Тэр хүмүүс дээр л үр нөлөө нь бууна. Гэхдээ ашиг нь ард иргэд дээр очих асуудал шүү дээ. Зах зээлийн зарчмаар өрсөлдөөн бий болоод доош бууна гэсэн асуудал хэдэн жил болж байна. Гэхдээ асуудал шийдэгдэхгүй л байгаа.
Тэгэхээр зах зээлийн зарчмаар энэ асуудал шийдвэрлэгдэх боломжгүй юм байна гэдэг нь харагдаж байгаа юм. Иймд тодорхой хэмжэнэий захиргааны аргаар арга хэмжээ авах нь зүйтэй гэж харж байгаа.
-Та хуулиа хэзээ өргөн барих вэ. Судалгааны ажлаа эхлүүлсэн үү?
-Төслийг анхны байдлаар боловсруулж байгаа. Өнөөдрийн банкны, санхүүгийн байгууллагуудын үй ажиллагаанд судалгаа нэлээд хийж байж хүүг яг хэдэр буулгах вэ гэдэг асуудлаа шийдвэрлэнэ. Тэгж байж их хурал руу оруулж ирнэ.