Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гаргасан билээ. Энэ нь ч олон нийтийн шүүмжлэлийг багагүй дагуулсан. Харин НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай БНХАУ-ын буцаллтгүй тусламжаар хийх томоохон төсөл хэмээн уг төслөө “зүтгүүлсээр” буй.
Тэгвэл Хуульч, Өмгөөлөгч А.Базар, Б.Амгааланбаатар нар НИТХ-аас гаргасан тухайн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Тэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар бол ундны усны нөөц, усны хамгаалалтын бүсэд хамаардаг, иргэд амарч зугаалдаг чухал газар. Иймд хүрээлэн буй орчныг хамгаалах, нийтийн эрх ашгийг хамгаалах ёстой” хэмээн үзэж байгаа юм. Хэрэв шүүх бидний нэхэмжлэлийг хүлээж авбал НИТХ-ын дээрх шийдвэр хууль ёсны эсэхийг хэлэлцэх юм.