Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Харин маргааш буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг ЦУОШГ-аас анхааруулж байна.
Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Мөн Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -16...-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Идэр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -11...-16 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.