Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр " Засгийн газраас баялаг бүтээгчдийг дэмжих бодлогыг боловсруулж бэлтгэл ажлыг хангаж байна. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр дараах хуулиудыг УИХ-д өргөн барихаар бэлдэж байна. Тодруулбал, Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Зөвшөөрлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Төрийн өмчит компаниудыг татан буулгах тухай хууль, Татварын багц хууль, Худалдааны хууль, Даатгалын багц хууль зэрэг эдийн засаг, санхүүгийн салбарыг хамарсан эрх зүйн томоохон шинэчлэлийг хийхээр бэлдэж байна.
Манай улсын эдийн засаг 2024-2025 онд тогтворжиж, бодит түвшинд буюу 0.7 хувьд очсон. Эдийн засгийн өсөлт 5.9 хувьтай байна. Инфляци 8.2 орчим хувьтай байна. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.6 их наяд, 27.4 их наядын зардалтай, 1.8 наядын хасах үзүүлэлттэй байна. Нөгөө талаар Монгол Улсын бизнесийн орчны индексүүдийг олон улсын түвшинтэй харьцуулахад хангалтгүй. Сүүлийн жилүүдэд бизнесийн орчны индексээр 25 байр ухарлаа. Гэхдээ үзүүлэлт унахаас илүү бусад улс орон бизнесийн орчиндоо эрс өөрчлөлүүдийг хийж эдийн засагтаа бодлогын томоохон арга хэмжээ, төрийн оролцоог авснаар дэвшин гарч ирсэн. Иймд манай улс бизнесийн орчноо сайжруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүсэж байна. Угтаа манай улс эдийн засгийн эрх чөлөөгөөрөө нэлээн өндөрт байна. Гэвч хөрөнгө оруулалт, нээлттэй байдал гээд төртэй холбоотойгоор бизнесийн үзүүлэлтүүд дундаас хойш байгаа. Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчны үнэлгээ хангалтгүй гарсан. Ялангуяа бизнес эхлүүлэхэд цаг хугацаа их шаарддаг, зардал өндөртэй.
Хөрөнгө оруулагчдын гомдол, маргааныг шийдвэрлэх тогтолцоо маш сул. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр очоод шийдэгдэхгүй уддаг асуудал нь гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсад ороход сөрөг үзүүлэлт болж байна. Өмчийн эрхийн баталгаа хангалтгүй. Шүүхийн бус замаар өмч хөрөнгө болон нэр хүндэд нь халдах, өмчийг хураах, өмчийн халдашгүй дархан байдлыг хангах асуудал сул байна. Бүх шатанд төрийн зөвшөөрөл шаардаж буй төрийн зарчимт байдал сул. Үүнийг цэгцлэхийн тулд Засгийн газраас хамгийн багадаа 1,000 дүрэм журмыг өөрчлөх хүчингүй болгох томоохон ажлуудыг хийх болно.
Нэгдүгээрт, бизнес эрхлэгч эдийн засгийн үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх үндсэн зарчмыг тунхаглаж, хуулиар хориглоогүй л бол иргэн, аж ахуйн нэгж ямар ч бизнес эрхлэх боломжтой байх зарчмыг баталгаажуулж байна.
Хоёрдугаарт, төр хувийн өмчийн халдашгүй байдлыг хамгаалж, баталгаажуулна.
Гуравдугаарт, шударга өрсөлдөөнийг дэмжиж, төрийн шийдвэр, үйл ажиллагаа нь хувийн хэвшлийн эрхийг хамгаалахад чиглэнэ.
Дөрөвдүгээрт, төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангах бодлого, нөхцөлийг бүрдүүлэх үүргийг тодорхой болгож өгч байна.
Энэ хүрээнд төрөөс бизнесийн үйл ажиллагаанд хохирол, саад учруулахгүй байх, хууль журмуудад тогтмол үнэлгээ хийж бизнесийн орчныг сайжруулж байх, хяналт шалгалтын давхардлыг арилгаж, нэгдсэн тогтолцоог дахин бий болгох зорилт тавьж байна. Мөн төр өөрт байгаа мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс дахин шаардахгүй байх зарчмыг баримтална.
Түүнчлэн төрийн байгууллагад хориглох үйл ажиллагааг тодорхой зааж өгсөн. Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлоос бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагаанд оролцох, эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан хууль, журам батлахыг төрийн байгууллага, албан тушаалтнуудад хориглож байна. Хуулиар заагаагүй аливаа хяналт шалгалт хийх, аж ахуйн нэгжийн эд хөрөнгө, бие махбодод халдах, зарим аж ахуйн нэгжид давуу эрх олгож ялгаварлан дэмжих, эсвэл зүй бусаар дарамт шахалт үзүүлэхийг хатуу хориглож, эрх зүйн хамгаалалтаар хангана. Мөн Эдийн засгийн бодлогын зөвлөлийг байгуулж, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулан Ерөнхий сайд ахалж ажиллуулахаар тусгасан. Энэ зөвлөл нь хууль тогтоомж, захиргааны акт боловсруулах үед заавал хувийн хэвшлийн саналыг авах, бизнесийн орчныг сайжруулах судалгаа хийх, хууль тогтоомжийн давхардлыг арилгах, аж ахуйн нэгжүүдээс ирсэн гомдол саналыг нэгтгэн шийдвэрлэх үүрэгтэй байна.
Одоогийн байдлаар Монгол Улсад бизнесийн үйл ажиллагааг 200 гаруй хууль зохицуулж байгаа бөгөөд эдгээрийн дотор гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан 40 гаруй зохицуулалт байна. Энэ олон давхардсан, хязгаарлалттай зохицуулалтыг Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиар цэгцэлж, бизнесийн суурь зарчмуудыг хамгаалах юм. Үүнтэй холбоотойгоор Хөрөнгө оруулалтын тухай хуульд зургаан гол нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан. Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгаснаас хойш иргэн, аж ахуйн нэгжүүдээс олон гомдол ирсэн тул хяналт шалгалтын нэгдсэн тогтолцоог дахин бий болгох зайлшгүй шаардлага тулгарч байна. Мөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуульд хөрөнгө оруулагчийн гомдол шийдвэрлэх тогтолцоо бий болгох, төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тодорхой болгох, маргааныг шүүхээс өмнө хэлэлцээний замаар шийдвэрлэх гэсэн гурван гол нэмэлт өөрчлөлтийг тусгасан. Төрийн өмчит компаниудын эдийн засагт үзүүлэх нөлөө хэт өндөр байгаа тул төрийн өмчийн менежментийг сайжруулах, хувьчлалыг үе шаттайгаар явуулах, төрийн эдийн засаг дахь оролцоог хязгаарлах шаардлагатай байна. Үүнийг хэрэгжүүлэх суурь эрх зүйн баримт нь Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль байх оролцоог тодорхой зааж өгснөөр хувийн хэвшлийн орон зайг тэлэх зорилготой юм” гэлээ.
ВИДЕО: