Өнөөдөр 14 дэд сайдыг томилох бөгөөд Зам тээврийн дэд сайдаар Г.Ганболдыг, Эрчим хүчний дэд сайдаар С.Далхаасүрэнг томилуулахаар танилцуулж байна

Өнөөдөр 14 дэд сайдыг томилох бөгөөд Зам тээврийн дэд сайдаар Г.Ганболдыг, Эрчим хүчний дэд сайдаар С.Далхаасүрэнг томилуулахаар танилцуулж байна

Төрийн өмчит компаниудад шинээр бий болгон томилсон бүтээмжийн болон хяналтын гэх нэршилтэй 128 менежерийг өнөөдрөөс цомхотгон чөлөөлөхөөр болжээ.

Менежерүүдээс гадна яамтай сайд нарын орон тооны зөвлөхүүдийг ч цомхотгох юм байна. Тэдний оронд 16 дэд сайдыг томилох бөгөөд хариуцсан салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцах юм байна.

Тус 16 дэд сайдын 14 дэд сайдын томилгоог өнөөдөр /2025.12.17/ ярина. Тодруулбал, яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж буй бөгөөд хуралдаанаар дэд сайд нарын танилцуулгыг хийж, томилгоог хэлэлцэж байна. Үргэлжлүүлэн Засгийн газрын хуралдаанаар 14 дэд сайдын томилгоог хэлэлцэх аж. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Зам тээврийн дэд сайдаар УИХ-ын гишүүн асан Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөх Г.Ганболдыг, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг, Эрчим хүчний дэд сайдаар МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн нарыг томилохоор танилцуулж байна. 

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд гэхэд төрийн албаны шинэчлэл, хүний эрхийг хангах шинэтгэлийн бодлогыг хариуцна. Сангийн дэд сайд татварын цогц реформыг шуурхай боловсруулж хэрэгжүүлэх ажлыг шууд хариуцна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд цөлжилтийн эсрэг "COP-17" олон улсын хурлын зохион байгуулалт, "Тэрбум мод" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Оюутолгойн татварын асуудал болон шатахууны найдвартай хангамжийг гэх мэтээр тодорхой асуудал хариуцах юм байна. Эрүүл мэндийн дэд сайд эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг гардан боловсруулна. Төсөв санхүүгийн хувьд 128 менежер цомхотгож байгаа учраас зөвхөн цалингийн зардал болох 30 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж тооцжээ.