Сэлэнгэ аймаг зудын эрсдэлээс сэргийлж 350 тонн тэжээл, 739 тонн өвс бэлджээ

Сэлэнгэ аймаг зудын эрсдэлээс сэргийлж 350 тонн тэжээл, 739 тонн өвс бэлджээ

Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК-ын дарга Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна. Сумын Онцгой Комиссын хурлын үеэр аймаг, сумын удирдлагууд өвөлжилтийн бэлэн байдал, зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээ, хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, эрчим хүч, шатахууны хангамж болон цаг агаарын нөхцөл байдлын талаар ерөнхий мэдээлэл өглөө.

Сэлэнгэ аймаг нь зудын эрсдэлийн үнэлгээгээр дунд түвшинд үнэлэгдсэн бөгөөд одоогийн байдлаар Орхон, Түшиг, Ерөө сумдын нутгаар цагаанаар зудархуу байгаа бөгөөд цаашид цас нэмж орвол нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна.

Аймгийн аюулгүйн нөөцөд 350 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд нийт 739 тн өвс, 323 тн тэжээл, 5 тн эрдэс бэлтгэсэн байна. Сумдын өвс тэжээлийн бүрдүүлэлт 107 хувьтай байна хэмээн Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Шадар сайд аймгийн удирдлагуудад цаг уурын байгууллагын аюулт үзэгдлийн сэрэмжлүүлгийг иргэдэд шуурхай хүргэж, шаардлагатай тохиолдолд авто замын хөдөлгөөнийг хязгаарлан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, отор нүүдлийн зохион байгуулалт, малчдын судалгааг нарийвчлан тодотгож, малчдад төрийн үйлчилгээг хүндрэлгүй хүргэх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, цасан шуурга, аюулт үзэгдлийн үед хариу арга хэмжээний төлөвлөлт, техник хүн хүчний бэлэн байдлыг хангах, зудын эрсдэлийг бодитоор үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, шатахууны тээвэрлэлтийг жигдрүүлж нөөцийг тасралтгүй хангах үүргийг өглөө.