Өнөөдөр /2025.12.11/ нутгийн баруун хагаст, маргааш буюу энэ сарын 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
Тодруулбал, маргааш буюу энэ сарын 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 13-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Ням гараг буюу энэ сарын 14-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
Салхи маргааш буюу энэ сарын 12-нд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -23…-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -6…-11 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -12…-17 градус хүйтэн байна. Ням, Даваа гараг буюу энэ сарын 14, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.