Улсын наадамд дөрөв давсан ч, хориотой бодис илэрсэн Н.Баяржаргал өөрт нь "допинг" хэрэглүүлсэн дасгалжуулагчаа илчилжээ

Улсын наадамд дөрөв давсан ч, хориотой бодис илэрсэн Н.Баяржаргал өөрт нь "допинг" хэрэглүүлсэн дасгалжуулагчаа илчилжээ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу Үндэсний их баяр наадамд дөрөв давж шөвгөрсөн 32 бөхөөс Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага допингийн шинжилгээ авахад Аймгийн арслан Н.Баяржаргал, Улсын гарди цолны болзол хангасан Н.Өсөхбаяр нараас допингийн төрлийн хориглосон бодис илэрсэн байдаг.

Энэ талаар Үндэсний бөхийн салбар хорооны Үр дүнгийн удирдлагын багаас албан ёсны мэдээлэл гаргасан бөгөөд тус мэдээлэлд "Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд дөрөв давж шөвгөрсөн 32 бөхөөс шинжилгээ авахад Аймгийн арслан Н.Баяржаргал, Н.Өсөхбаяр нараас допингийн төрлийн хориглосон бодис илэрсэн.

Тиймээс тухайн нэр бүхий бөхчүүдтэй Дэлхийн допингийн эсрэг дүрэм, Монголын допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны Үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх баг олон улсын стандартын дагуу дүгнэлт, тайлангаа гаргахаар ажиллаж байна" гэдгийг тодотгож байсан юм. Н.Баяржаргалын хувьд энэ жилийн Улсын наадамд дөрөв даваад, тавын даваанд Улсын арслан Б.Орхонбаярт өвдөг шороодсон бөх юм.

Тэгвэл энэ хүрээнд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, аймгийн арслан Н.Баяржаргал өөрт нь допинг хэрэглүүлсэн дасгалжуулагчаа нэрлэсэн гэх мэдээлэл байна.

Тодруулбал,  Аймгийн арслан Н.Баяржаргал "Саяхан допинг байж болзошгүй бодис зарж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэгддэг Хүндийн өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярыг өөрт нь допинг хэрэглүүлсэн" хэмээн мэдүүлсэн гэдгийг эх сурвалж мэдээлж буй юм. 

Хүндийн өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын дээрх нэр холбогдсон хэргийг өдгөө хуулийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа бөгөөд түүнд холбогдох хэрэгт Аймгийн арслан Н.Баяржаргалд допинг хэрэглүүлсэн байж болзошгүй хэрэг нэмэгдэж магадгүй байна. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно. Ташрамд өгүүлэхэд, Аймгийн арслан Н.Баяржаргалын хамт допинг хэрэглэсэн нь ил болсон Улсын гарди Н.Өсөхбаяр тухайн үед "Хориотой бодис илэрснийг хүлээн зөвшөөрч байна, бусдын санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай тул шүүхэд гомдол гаргана" хэмээн мэдэгдэж байсан юм. Харин тэрбээр энэ талаар гомдол гаргасан эсэх талаарх мэдээлэл одоогоор алга байна. 




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө