Допинг хэрэглэж, аймгуудын наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн барилдах эрхийг хассан ч тэдэнд унаж, хохирсон бөхчүүдэд цол чимэг олгох хуулийн зохицуулалт алга

Допинг хэрэглэж, аймгуудын наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн барилдах эрхийг хассан ч тэдэнд унаж, хохирсон бөхчүүдэд цол чимэг олгох хуулийн зохицуулалт алга

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу энэ жилийн баяр наадмаас эхлэн аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авч эхэлсэн. 

Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 онд баталсан бөгөөд тус хуулийн 21.5 заалтад "Аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг 2025 оны баяр наадмаас эхлэн авна" гэж заасан байдаг. Ингэснээр 21 аймгаас гадна нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүргийн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулсан байна. Үүнээс гадна улсын баяр наадамд барилдсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. 

Уг шинжилгээгээр Улсын баяр наадамд шөвгөрч, Улсын гарьд цолны болзол хангасан Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориглосон бодис илэрсэн гэдгийг Үндэсний баяр наадмын салбар хорооны үр дүнгийн удирдлагын багаас мэдээлсэн.

Мөн

  • Архангай аймгийн баяр наадамд түрүүлсэн Д.Төрбаяр,
  • Баянхонгорт шөвгөрсөн Ц.Болдбаатар,
  • Говьсүмбэр аймгийн наадамд шөвгөрсөн О.Амгаланбямба,
  • Дорнодод үзүүрлэсэн С.Цогтсүмбэр,
  • Өмнөговьд шөвгөрсөн Б.Сундуйжадамба,
  • Төв аймагт түрүүлсэн Э.Чойням, үзүүрлэсэн Э.Гантөмөр,
  • Хөвсгөлд үзүүрлэсэн Э.Мөнхтөр, шөвгөрсөн Б.Сүх-Эрдэнэ нараас допингийн төрлийн бодис илэрсэн юм.

Эдгээрээс Хөвсгөл аймагт үзүүрлэсэн Э.Мөнхтөр, шөвгөрсөн Б.Сүх-Эрдэнэ нар эмчилгээний зорилгоор чөлөөлөх хороонд хандаад байгаа бол бусад допинг илэрсэн бөхчүүд барилдах эрхийг 3-6 жилийн хугацаатайгаар хасаад байгаа. 

Допинг илэрсэн бөхчүүдэд ийнхүү хариуцлага тооцож, барилдах эрхийг нь хассан ч тэдгээр бөхчүүдэд унаж, хохирсон бөхчүүдэд цол, чимэг олгох хуулийн ямар нэгэн зохицуулалт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, аймгийн наадамд допинг хэрэглэсэн нь хожиж, хэрэглээгүй нь хохирч үлддэг жишиг тогтох нь уу гэх хардлага төрүүлж байгаа юм. Тиймээс аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илэрсэн тохиолдолд тэдэнд унасан бөхчүүдэд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу допинг хэрэглэсэн бөхчүүдэд унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөж олгодог шиг цол чимэг нөхөж олгох хуулийн заалтыг оруулах зайлшгүй шаардлагатай байгааг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Тиймээс уг асуудлыг хөндөж бид энэхүү мэдээллийг бэлтгэлээ. 

Ташрамд өгүүлэхэд, Улсын баяр наадамд үзүүрлэсэн Н.Өсөхбаярт ямар шийтгэл оногдуулсан талаарх мэдээлэл одоогоор байхгүй байна. 




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө