БАРИМТ: Бүх ард түмний "зуны" наадмын медалийг "зууны наадам" хэмээн алдаатай бичиж, 16.8 сая төгрөгөөр хийлгэжээ

БАРИМТ: Бүх ард түмний "зуны" наадмын медалийг "зууны наадам" хэмээн алдаатай бичиж, 16.8 сая төгрөгөөр хийлгэжээ

Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-ний өдрүүдэд Улаанбаатар хот, Баянхонгор аймагт нэгэн зэрэг болж байна. Зуны спортын Наадамд 21 аймаг, есөн дүүргийн 291 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 3252 тамирчин 879 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Тэгвэл тус тэмцээний ялагчдад олгож буй медаль алдаатай хэвлэгдсэн нь шүүмжлэл дагуулж эхэллээ.

Тодруулбал, медаль дээр бичсэн "Монголын бүх ард түмний зууны XVI наадам" гэж бичсэн хэсгийн "зуны" гэж бичих ёстой үгийг "зууны" хэмээн алдаж бичсэн байгаа юм. Мөн наадмын шагнал гардуулах хэсгийн танилцуулга хэсэгт бичсэн уриалга үг болох "Шударга шүүлт, шударга өрсөлдөөн" гэх үгийг "Шударга шүүлт, ударга өрсөлдөөн" хэмээн алдаатай бичиж, хариуцлага алдсан байх аж.

-МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН НААДМЫГ 261.2 САЯ ТӨГРӨГӨӨР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА-

Тэгвэл уг наадмыг хэн хариуцан ажиллаж байгаа болон хэдэн төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр зохион байгуулж байгааг тодотгож үзлээ. Тус наадмыг Биеийн тамир спортын улсын хорооны дарга асан, өдгөө тус хорооны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж буй О.Баттулга удирдан зохион байгуулж байгаа юм байна.

Энэ талаар Биеийн тамир спортын улсын хорооны даргын түр орлон гүйцэтгэгч Э.Билэгт тушаал гаргаж, баталсан байх аж. Тодотговол тус тушаалд  "Наадмын удирдлага зохион байгуулалтыг хангаж, хяналт тавьж ажиллахыг Зохион байгуулах хороо (О.Баттулга), холбогдох байгууллагатай гэрээ байгуулж ажиллахыг Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтэс (Ж.Баасансүрэн), тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэс (Н.Батсүх)-т тус тус үүрэг болгосугай" гэжээ.

Мөн тушаалаар тэмцээнийг зардлыг 261.2 сая төгрөг хэмээн баталсан байна. Ингэхдээ алдаатай хэвлэсэн 1405 ширхэг медалийг нэг бүрийг нь 12 мянган төгрөгөөр тооцож, 16 сая 860 мянган төгрөг, алдаатай хэвлэсэн хулдаасан хэвлэлтийн зардалд 32.4 сая төгрөг зарцуулахаар баталсан байна. 

Тэгвэл ийнхүү төсвийн хөрөнгөөр улсын хэмжээнд зохион байгуулж байгаа арга хэмжээний гол зүйл болох медаль, хулдаасан хэвлэл зэргийг алдаатай хэвлэсэн хариуцлагыг хэн хүлээсэн талаар бид эргэн мэдээлэх болно. 

Ташрамд өгүүлэхэд, наадмын шигшээ тэмцээнээс медаль хүртсэн тамирчдыг Засгийн газрын 2018 оны “Журам батлах тухай” 183 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.1-д зааснаар шагнаж урамшуулж байгаа бөгөөд алтан медаль 1,5 сая, мөнгөн медаль 1 сая, хүрэл медаль хүртсэн тамирчид 500 мянган төгрөгийн бай шагнал олгох байгаа аж.