СУРВАЛЖИЛГА: Хотын дарга нарын "Нийлүүлэлт хангалттай" гэж ярьсан шахмал түлш олдохгүй, айлууд шөнөдөө гал алдаж байна

СУРВАЛЖИЛГА: Хотын дарга нарын "Нийлүүлэлт хангалттай" гэж ярьсан шахмал түлш олдохгүй, айлууд шөнөдөө гал алдаж байна

Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэлийн өвлийн галлагааны улирал эхэлдэг. Энэ жилийн хувьд борлуулалтын эхний өдөр 274 цэгээр дамжуулан сайжруулсан шахмал түлшийг борлуулж эхэлсэн бол хоёр дахь өдрөө цэгийн тоог 334 болгон нэмэгдүүлжээ. Гэсэн ч албаныхны хангалттай түгээж, борлуулалт хэвийн гээд буй сайжруулсан шахмал түлшний цэгүүдэд нүүрс байхгүй байна. Үр дүнд нь иргэд хасах хэмийн хүйтэн шөнө гал алдаж байна.

ВИДЕО:

Өнгөрсөн жилүүдэд сайжруулсан шахмал түлшийг 600 цэгээр дамжуулан борлуулдаг байсан. Нэг цэгт 5 тонн буюу 35 айлын хэрэглээг түгээдэг. Улмаар аль нэг цэгт л нийлүүлэлт тасрахад тухайн хэсэгт эрэлт бий болдог туршлага бидэнд бий. Гэтэл 334 цэгээр алаг цоог борлуулж буй түлшний эрэлт ямар байх нь ойлгомжтой биз ээ.

Манай сурвалжлах баг Зурагт, Хайлааст, Дэнжийн 1000, Дарь-Эх, Дамбадаржаа зэрэг газраар нийтдээ 30 гаруй сайжруулсан шахмал түлшний цэгээр орлоо. Тус цэгүүдээс сайжруулсан шахмал түлш хэвийн борлуулж буй ердөө хоёрхон цэг таарсан юм. Ихэнхи цэгт нүүрс байхгүй, хаалттай дүр зурагтай байсан юм.

Гэрээт цэгийн борлуулагч “Миний хувьд сайжруулсан шахмал түлшийг хоёр дахь жилдээ борлуулж байна. Эхний гурван өдөр нийлүүлэлт хангалтгүй байгаа нь үнэн. Захиалгаа өгсөн ч ирэхгүй байгаа юм. Иргэд ч гэсэн хаана хаана түлш борлуулах цэг байгааг сайн мэдэхгүй байх шиг байна. Гэхдээ яваандаа жигдэрчих байх. Манай энэ цэгт өнөөдөр 5 тонн шахмал түлш ирээд дуусаж байна. 5 тонн гэдэг бол бага шүү дээ. Хэдхэн айл ирээд л хөршийнхтэйгөө хамт аваад явчихдаг юм. Сайжруулсан шахмал түлшний хувьд өнгөрсөн жилтэйгээ ижил чанартай байх шиг байна. Нэг түлш борлуулах гэрээт цэг сардаа 3,5 сая төгрөгийн цалин авдаг” гэв.

Энэ жилийн хувьд олон жилийн дунджаас хүйтэн намар болж буйг иргэд онцолж буй. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд л цочир хүйтрэх УЦУОШГ-аас анхааруулж байв. Хэдийн шөнөдөө хасах градустай хонож эхэлсэн эдгээр шөнүүдэд нүүрс олдохгүй байгаа учир мод түлж аргалж байгаагаа учирлаж байлаа.

Иргэдийн төлөөлөл “Сайжруулсан шахмал түлшийг хэвийн борлуулж байгаа гээд мэдэгдээд байгаа ч яг хаагуур борлуулаад байгааг мэдэхгүй байна. Ихэнх цэгүүд хоосон байгаа. Шөнөдөө хүйтэн хонож байгаа учир модоор л гал түлсэн болж, шөнийг аргалж өнгөрөөж байна. Энэ жил илүү хүйтэн намар санагдаж байна. Есдүгээр сард нар ээсэн халуун өдөр бараг үзсэнгүй шүү дээ. Сайжруулсан шахмал түлшний худалдаа жигдрэх байх гээд хүлээж байна. Тэр үед нь авна даа. Энэ жил хагас коксон нүүрс хэрэглэж эхэлнэ гээд байгаа. Тус нүүрсний хувьд энгийн төмөр зууханд хэрэглэж болохгүй гээд байсан. Мэдээ мэдээлэл дутмаг байна” гэлээ.

Энэ жилийн хувьд нийслэлийн иргэд сайжруулсан шахмал түлш болон хагас коксон нүүрсийг хамт хэрэглэнэ. Хагас коксон нүүрсийг ирэх сарын нэгнээс борлуулна. Ингэснээр иргэд өөрийн хүсэл сонирхлоор хагас кокос болон сайжруулсан шахмал түлшийг сонголтоор хэрэглэх боломжтойг онцолж буй.

НЗД-ын орлогч А.Амартүвшин “Есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 400 орчим цэгт шахмал түлш борлуулж эхэлсэн. Харин аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайжруулсан түлш болон хагас коксон түлшийг хамтад нь борлуулж эхлэх бөгөөд иргэд өөрсдийн сонголтоор худалдан авах боломжтой. Ингэснээр иргэд харьцуулж хэрэглэн, дүгнэлтээ хийх боломжийг олгож байна. Нийслэлийн хэмжээнд түлш хэрэглэгч бүх өрхийг энэ онд багтаан нэгдсэн удирдлагын системд холбож дуусгах бөгөөд угаарын аюул бүртгэгдсэн өрхөд 5-7 минутын хугацаанд очиж, нөхцөл байдлаас шалтгаалан эмнэлгийн тусламж зэрэг арга хэмжээг авна. Мөн энэ жил 306 мянган тонн хагас коксон түлшийг хэрэглээнд нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулах тооцоо гараад байна.

Үүнээс гадна Гандан, Телевиз, Дэнжийн 1000 орчмын буюу Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг бүрэн дулаалж, хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ. Эдгээр хийн түлшний хэрэглээнд шилжиж буй 5000 өрх нь 22 цэгт хийн түлшээ цэнэглүүлэх байдлаар ашиглана.

Аюулгүй байдал болон чанарын хүрээнд дэлхийн брэндүүд болох “Haier”, “Hisense” компаниудтай хамтран хийн түлшний инженерчлэлийг шийдэж байна. Ирэх жилд 50 мянган өрх, дараагийн жилд нь 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх төлөвлөгөөг гаргаад байна” гэжээ.

Харин нөгөө талд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Энэ жил нийслэлд 43 мянган тонн мидлингийн шахмал түлш, 306 мянган тонн хагас коксон шахмал түлшээр иргэдийн хэрэглээг хангахаар төлөвлөсөн. Түлшний хомсдол үүсэхгүй, бүх борлуулалтын цэгүүд дээр түлшний нөөц хангалттай байна. Нэг шуудай сайжруулсан шахмал түлшний үнэ 3750 төгрөг, нэг шуудай хагас коксон шахмал түлш 5000 төгрөг байна. Энэ жил түлш борлуулах цэгүүд хоёр гуравдугаар гудамжинд байрлаж байна” гэх мэдээллийг өгч байна.

Холбогдох дарга нарын мэдээллээс дүгнэвэл нийслэлчүүд сайжруулсан шахмал түлш, хагас кокос, хийн түлшийг шат дараатай хэрэглэх нь. Улмаар эцсийн шийдэл нь хийн түлш буюу газ байх нь. Мөн энэ жилийн нэг онцлог нь иргэд нүүрсээ авахдаа зөвхөн “Хотула” гэх аппликейшн хэрэглэх тухай мэдээлж буй. Олон шинэ дэвшилтэт технологи, сонголттой нүүрсээ хотын дарга нар ээлжилж лайвдаж байх хооронд нийслэлчүүд хэр удаан “гал алдах” бол.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө