Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадам Улаанбаатар, Баянхонгор аймагт нэгэн зэрэг болж байна. Өчигдөр тус наадмын нээлтийн ёслол Баянхонгор аймагт болж, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан МБАТСН-ыг албан ёсоор нээж, ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн мэндчилгээ дэвшүүллээ.
Наадмын тамирчдын тангарагийг жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга, Оюутны дэлхийн аварга, армийн дэлхийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Л.Сосорбарам, таеквондогийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын есөн удаагийн аварга, Д.Чинзориг нар өргөв. XVI наадмын тугийг пара таеквондогийн “Парис-2024” паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, боксын Дэлхийн цомын хошой хүрэл медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Энхтөр, пауэрлифтингийн улсын аварга, бодибилдингийн спортын ОУХМ Н.Нэмэхбаяр, чөлөөт бөхийн улсын аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Бямбадорж нар өргөн мандуулав.
Харин тус наадмын галт бамбарыг үндэсний бөхийн улсын арслан, чөлөөт бөхийн Армийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Э.Батмагнай асаалаа. Тэрбээр хоёр жилийн өмнө Монголын хүүхдийн спортын VII их наадмын галт бамбарыг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэгийн хамтаар асааж байв. Монголын бүх ард түмний спортын ХVI наадам спортын 28 төрөлд, 163 жин, зайд, 879 багц медалийн төлөө 21 аймаг, 9 дүүргийн 3146 тамирчин өрсөлдөж байна.