Хорватын Загреб хотноо болж буй чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр барилдах Монголын бөхчүүдийн хуваарийг хүргэж байна.
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Б.Мөнхнар, 57 кг-д Х.Болортуяа, 65 кг-д Т.Энхжин, 76 кг-ын жинд Э.Даваанасан нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Т.Алтжин хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм. Тэрбээр ДАШТ-ий хагас шигшээд энэ оны Ази тивийн аварга, U20 насны дэлхийн хошой аварга, Японы тамирчин Сакура Онишид даралтаар ялагдсан. Т.Алтжин Узбекистаны Л.Собирова, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдаж буй ОХУ-ын тамирчин А.Сиделникова нарын ялсантай хүрэл медалийн төлөө барилдана. Мөн эрэгтэйчүүдийн 97 кг-д барилдаж буй Г.Ганхуягт дагах барилдаан гарлаа. “Загреб-2025” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өнөөдрийн барилдаан 16:30 цагаас эхэлнэ.