Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ энэ оны нэгдүгээр сард /2025.01.07/ “Тавантолгой түлш” ХХК-д ажиллах үеэрээ “Засгийн газрын эсрэг жагсаалыг П.Цагаан болон түүний хүү, мөн Дотоодын цэргийн командлагч Р.Чингис болон түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа” гэх ноцтой зүйлийг мэдээлж, улмаар маргааш /2025.01.08/ орой нь Хууль зүйн О.Алтангэрэл Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан билээ. Харин уг шийдвэр хууль зөрчсөн байсан талаарх мэдээлэл өнгөрсөн баасан гарагт олон нийтэд ил болсон. Тэгвэл уг шүүхийн шийдвэрийг хөвөрдөж үзжээ.
Дотоодын цэргийн штабын дарга асан Р.Чингис хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдсөн хэмээн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх энэ оны наймдугаар сарын 07-ны өдөр хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Р.Чингис нь өөрийг нь ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн Хууль зүй дотоод хэргийн сайд тушаалыг хүчингүй болохыг тогтоолгох, Дотоодын цэргийн штабын даргын үүрэгт ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны ажилгүй цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлгүүлэхээр нэхэмжилсэн байна.
Тэрбээр шүүх хуралдааны үеэр "Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2025 оны нэгдүгээр сарын 07-ны өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Дотоодын цэргийн командлагч Р.Чингис болон түүний дүү нар болоод буй жагсаал цуглааныг санхүүжүүлсэн..." хэмээн мэдэгдсэн. Улмаар тухайн өдөр Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл уг мэдэгдлийн дагуу намайг Дотоодын цэргийн штабын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Сайд ажлаас чөлөөлсөн үндэслэлдээ "Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболдын саналыг үндэслэсэн" хэмээн дурдсан байсан.
Түүнчлэн Р.Чингис нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг АТГ болон ЦЕГ-т Р.Чингистэй холбоотой нэг ч хэрэг шалгагдаагүй байхад мэдэгдэл хийж, энэ дагуу нь өөрийг нь чөлөөлсөн гэдгийг ч тодотгосон байна.
Энэ талаар тэрбээр "Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн албан бичгээр тус хэлтэст Р.Чингист холбогдуулан шалгаж буй гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг байхгүй болно. Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 12/1489 дугаар албан бичгээр ...тус байгууллагад өнөөдрийн байдлаар Р.Чингист холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэрэг байхгүйг үүгээр мэдэгдье гэх албан бичгүүд авагдсан бөгөөд Ерөнхий сайдын мэдэгдэлтэй холбогдуулан Р.Чингисийг эрүүгийн хэрэгт татсан, яллагдагчаар татсан гэмт хэргийн шинжтэй хэрэг маргаан Авлигатай тэмцэх газарт болон Цагдаагийн ерөнхий газарт байхгүй байгаагаас үзэхэд хариуцагч маргаан бүхий актыг гаргахаас өмнө Ерөнхий сайдын мэдэгдэлтэй холбогдуулан Р.Чингис жагсаал цуглааныг санхүүжүүлсэн гэх нотлох баримтыг цуглуулаагүй, шалгаж тогтоогоогүй, нэхэмжлэгчид мэдэгдэж, тайлбар санал гаргах боломжоор хангалгүй маргаан бүхий актыг гаргасан байна" хэмээн тайлбарлажээ.
Харин шүүхээс нэхэмжлэгч Р.Чингисээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож, Дотоодын цэргийн штабын даргын үүрэгт ажилд Р.Чингисийг эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл 26.683.910 төгрөгөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган холбогдох дэвтэрт бичилт хийж олгохыг хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгаж шийдвэрлэсэн байна.