Боловсролын зээлийн сангаар шүгэл үлээж, уг асуудлыг олны анхаарал оруулж байсан О.Сийлэгмаа нь өнгөрсөн оны наймдугаар сард /2024.08/Боловсролын Зээлийн Сангийн ажлын албаны даргаар томилогдсон билээ. Тэрбээр уг албан тушаалд томилогдсон нэг жилийн хугацаанд нийтдээ 9 удаагийн шалгалтад орсон талаараа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байдаг.
Тэгвэл Боловсролын Зээлийн Сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаад захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбатын охин А.Хүслэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох түүний ээж Ц.Ариунсанаагийн нэхэмжлэлээр О.Сийлэгмаад захиргааны хэрэг үүсгээд байгаа аж.
Ц.Ариунсанаа нь нэхэмжлэлдээ "Австралийн хамтын нөхөрлөлийн улсын Квийнслэнд муж улсын их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцагч, Монгол Улсын иргэн Амарбатын Хүслэнгийн 2024 оны хоёрдугаар семестр, 2025 оны нэгдүгээр семестрийн төлбөр болох 70.5 сая төгрөгийг Боловсролын зээлийн сан төлөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, төлүүлэх, зээлийн гэрээгээ сунгаж, санхүүжүүлэхийг даалгах"-ыг шаардсан байна. Боловсролын зээлийн сангийн нээлттэй мэдээллээс үзвэл Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбатын охин А.Хүслэнг Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцуулах тухай тушаалыг тухайн үеийн Боловсролын сайд Л.Цэдэвсүрэн 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр гаргаж байжээ. Ингэхдээ А.Хүслэнг дөрвөн жилийн хугацаатай суралцана гэдгийг тодотгосон байна.
Үүнээс үзвэл А.Хүслэнгийн суралцах хугацаа дууссантай холбоотойгоор БЗС-гийн санхүүжилтийг зогсоосон байхыг үгүйсгэхгүй юм.
Ямартай ч Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбатын охин А.Хүслэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөг түүний ээж Ц.Ариунсанаагийн нэхэмжлэлээр О.Сийлэгмаад захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно. Ташрамд өгүүлэхэд, Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, өдгөө хэрэг нь шүүхийн шатанд байгаа юм.