СУРВАЛЖИЛГА: Дахин төлөвлөлтөд орсон Сүхбаатар дүүргийн 26-р байрны оршин суугчид бүрэн нүүж дуусаагүй байхад барилгыг нь нурааж эхэлжээ

СУРВАЛЖИЛГА: Дахин төлөвлөлтөд орсон Сүхбаатар дүүргийн 26-р байрны оршин суугчид бүрэн нүүж дуусаагүй байхад барилгыг нь нурааж эхэлжээ

Сүхбаатар дүүргийн 6-р хороо 26-р байрыг дахин төлөвлөлтөд оруулах шийдвэр гарч, өнгөрсөн сарын 4-нд “Азийн идэр цамхаг” гүйцэтгэгчээр шалгарчээ. Улмаар гүйцэтгэгч компани тендерт шалгарсны маргаашаас эхлэн айлуудын нүүлгэж эхэлсэн байна. Тэр дундаа оршин суугчид, ААН-үүдтэй бүрэн зөвшилцөөгүй байж барилгыг нурааж эхэлсэнд иргэд бухимдалтай байна. Хаалга, цонхнуудыг авч, шалыг нь хуулж, шугам хоолойг нь тасалсан нөхцөлд зарим иргэд амьдарч байна. Иймд зарим иргэдийн төлөөлөл шүүхэд ханджээ.

ВИДЕО:

Тус байр нийтдээ долоон орцтой 53 оршин суугчтай. Гэхдээ үл хөдлөх эзэмшигчийн тоо 40 орчим байдаг. Гүйцэтгэгч “Азийн идэр цамхаг” ХХК-ийн хувьд энэ байршилд 240 айлын үйлчилгээний зориулалттай орон сууцыг 2027 оны наадмаас өмнө барихаар төлөвлөжээ. Одоо ААН, иргэдтэй тохиролцож, нүүлгэн шилжүүлэх, гэрээ байгуулах зэргийг хийж байна. Улмаар барилгыг нураах зөвшөөрлөө хүлээж байгаа аж. Тус компанийн өгсөн мэдээллээр бол 40 орчим айлтай зөвшилцөж, гэрээ байгуулсан. Үлдсэн айл, ААН-үүд тодорхойгүй шаардлагын улмаас зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа гэсэн тайлбарыг өгч байлаа.

“Азийн идэр цамхаг” ХХК-ийн гүйцэтгэх захиал Э.Батсайхан " Энэ төслийн захиалагчаар Улаанбаатар орон сууцжуулалт гээд нийслэлийн өмчит компани бий. Тус байгууллагаас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад манай компани шалгарсан. Бүх юм хууль ёсны дагуу явсан. Ойлголтын зөрүү болон хардах эрхийнхээ хүрээнд иргэд хаана хандах нь иргэдийн эрх. Манай компанийн хувьд хууль зөрчөөгүй учир ажлаа цаашид үргэлжлүүлнэ. Үлдсэн айл, ААН-үүдтэй тохиролцох гэж тогтмол хандаж байгаа. Ойлголцох байх гэж найдаж байна. Хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд манай компанийн хувьд айл өрхүүдийг барилгын ажил дуустал түрээсийг бүрэн хариуцна" гэлээ.

Оршин суугчдын төлөөлөл "Тус компани тендерийн батламжаа долоодугаар сарын 4-нд авсан хэр нь яагаад ийм богино хугацаанд байрыг чөлөөлөх гээд улайраад байгааг ойлгохгүй байна. Магадгүй өөр ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг ч үгүйсгэхгүй. Энэ оны тавдугаар сард уг байрны дахин төлөвлөлтийн ажил 80 хувьдаа хүрээгүй гээд Нийслэлийн орон сууцны бодлогын газраас бичиг ирсэн байна.

Гэтэл яаж долоодугаар сар гэхэд 80 хувьдаа хүрсэн байх вэ. Энэ бол ямар ч боломжгүй зүйл. Үүнээс гадна зарим айл нь гадаад оронд болон хөдөө зуслан дээрээ байдаг. Нөхцөл байдал ийм байхад яаж бүх оршин суугчидтай уулзаад санал хүсэлтийг нь сонсож зөвшилцөлд хүрээд дахин төлөвлөлтийн ажил 80 хувьдаа хүрсэн байх вэ. Магадгүй будилаантай тендер болсон учраас л оршин суугчдыг маш хурдан хугацаанд хөөж гаргаад жинхэнэ зорилгоо биелүүлэх гэж байж ч мэднэ гэх хардлагатай байгаа.

Үүнээс гадна Барилгын компаниуд өөрсдийгөө мөнгөтэй гэдэг. Харин тайланг нь харахаар мөнгөгүй гэдэг нь батлагддаг. Бүхэл бүтэн 52 тэрбум төгрөгийн өртөгтэй барилга барих гэж байгаа компанийн жилийнх нь орлого 600 орчим сая төгрөг л байна шүү дээ. Ийм мөнгөн гүйлгээтэй хэр нь огт хөдөлдөггүй 9 тэрбумын нэг л барилгатай. Тэр нь 2022 оноос хойш байсан. Яаж ийм компани 52 тэрбум төгрөгийн барилга барьж чадах юм. Мэдээж, хэн ч амьдарч байгаа орчноо сайжруулахыг хүснэ. Гэхдээ хууль бусаар шалгарч, хууль бусаар тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулбал бид л хохирно. Эцэс сүүлд нь хоосон балгастай үлдэхийг үгүйсгэхгүй. Би өмчөө хамгаалах гэж л хичээж байна. Шүүхийн байгууллага нэг талд нь гаргаж, үнэн зөвөөр тогтооно гэж итгэж байгаа" гэлээ.