О.Мөнхжин, Б.Гантиг нарт холбогдох "Койны хэрэг"-т нэмэлт ажиллагаа хийлгэхээр боллоо

О.Мөнхжин, Б.Гантиг нарт холбогдох "Койны хэрэг"-т нэмэлт ажиллагаа хийлгэхээр боллоо

Зүйл ангийг нь хасаж, шүүхэд шилжүүлсэн О.Мөнхжин, Б.Гантиг нарын "Койны хэрэг"-т нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан ч прокурор эсэргүүцэл бичиж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал,  дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн оны тавдугаар сарын 17 /2024.05.17/-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, улмаар шүүхээс хэргийг прокурорт буцаасан байдаг. Харин прокуророос О.Мөнхжин, Б.Гантиг нарт холбогдох хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн 18.20 дугаар зүйл буюу Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах зүйл ангиар ялласан байсан юм. Харин шүүх тус хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн зургаадугаар сарын 19 /2025.06.19/-ны хийж, хэргийг прокурорт буцаасан байдаг. 

Шүүхээс О.Мөнхжин, Б.Гантиг нарт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр ийнхүү прокурорт буцаасан ч прокуророос хэргийг дээрх ганц зүйл ангиар хэргийг шийдэх боломжтой хэмээн үзэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эсэргүүцэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм.

Тэгвэл тус прокурорын эсэргүүцлийг шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл О.Мөнхжин, Б.Гантиг нарт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр боллоо.