Энэ сарын 03-нд нутгийн баруун хэсгээр, энэ сарын 04-нд нутгийн төв хэсгээр, 05-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, Монгол-Алтайн уулсаар нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар +4…+9 градус, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +12…+17 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +23…+28 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутаг, Халх голын сав газраар +27...+32 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж +18...+20 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.