УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд бусдын биед онц ноцтойгоор халдсан хэрэг гарсан талаар цахим орчинд анх хохирогч гэх залуугийн эгч нь мэдээлсэн юм.
Улмаар уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, Өнгөрөгч бямба гарагт буюу энэ сарын 18-19-ний шилжих шөнийн 03:30 цагийн орчимд “Сүхбаатар дүүргийн 3 хорооны нутаг Хүүхдийн 100 Хаан банкны орчимд зодоон болоод байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн” гэх мэдээллийг өгсөн юм.
Ийнхүү эл хэргийн талаар тодруулбал, хохирогч болох 25 настай Д.С-ийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Cante” гэх шөнийн клубын гадна энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03:45 цагийн үед найзуудын хамт байхад нь УИХ-ын гишүүн асан, “Жем Групп”-ийн үүсгэн байгуулагч Ц.Цэрэнпунцагийн хүү, 28 настай Ц.Санжаачойпэл, УИХ-ын гишүүн асан, “Эрэл” ХХК-ийг ерөнхийлөгч Б.Эрдэнэбатын хүү, 29 настай Э.Тэмүүлэн, "Таванбогд"-ын Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан нар бүлэг залуус зодож, гэмтээсэн байна.
Хохирогчийн биед дөрвөн хүн халдсан бөгөөд хохирогчийн ар гэрийнхний мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү болон нэг төрийн албан тушаалтны хүү байсан гэх.
Энэ талаар албаны эх сурвалжуудаас тодруулахад, “Уг мэдээлэл үнэн. Зодоонд оролцсон байж болзошгүй хоёр иргэнийг олж тогтоохоор цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа” гэх мэдээллийг өгсөн юм. Улмаар дээрх хоёр иргэнийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Мөн бусдын биед халдсан дээрх хоёр иргэнээс хар тамхины төрлийн бодис илэрсэн гэх мэдээлэл бий. Энэ талаар албаны эх сурвалжуудаас тодруулахад, Ц.Цэрэнпунцагийн хүү С, Б.Эрдэнэбатын хүү Т нараас биологийн шинжилгээ авахад мансууруулах бодис илэрсэн нь үнэн гэх мэдээллийг өгч байгаа юм. Мөн тэд 10-20 удаа цагдаагийн байгууллагад шалгуулж байсан бөгөөд бүгд зөрчлийн хэрэг аж.
Энэ хүмүүст зодуулсан 25 настай, Д.С-гийн ар гэрийнхний мэдээлж буйгаар дээрх залуусыг огт таньдаггүй байсан гэнэ. Одоогоор хохирогчийн биеийн байдал хүнд байгаа буюу нэг нүд нь харахгүй, нүүр болон хамар цөмрөлттэй, нүүрний ясны олон нийлмэл хугаралтай хэмээн урьдчилсан байдлаар оношлогджээ. Улмаар цаашид харж чадахгүй байж магадгүй хүндхэн нөхцөл байдалтай байгаа гэнэ. Хохирогчийн ар гэрийн зүгээс шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж байгаа бөгөөд тус хэргийг СБД-ийн Цагдаагийн газар мөрдөн шалгаж байна.