Үе үеийн хотын дарга нарын шийдлийг нь эс олсон нэг асуудал бол “түгжрэл”. Хичээл сургууль эхлэх гэж буй хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн энэ үед тэдний ганц авдаг арга хэмжээ бол тэгш, сондгойгоор зорчуулах байсан. Хэн бүхэн хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг базаах, оюутан сурагчдын хот руу зорих урсгал нэмэгдсэн энэ л өдрүүдэд “арга ядсан” тус зохицуулалтаа хотын удирдлагууд хэрэглэх гэж буй. Гэтэл хотын дарга нарын цагаа олоогүй шийдвэрийн үр дагаврыг иргэд үүрч эхэллээ.
ВИДЕО:
Учир нь таван шарын нүхэн гармын ус зайлуулах сувгийн засвар, шинэчлэлтийн ажлыг энэ сарын 15-наас ирэх есдүгээр сарын гурваныг хүртэл хийж байна. Ингэхдээ тус нүхэн гармын орох болон гарах хөдөлгөөний нэг эгнээг хааснаар түгжрэл ихээр нэмэгдлээ. Тухайлбал, Саппорогийн уулзвараас эхлэн тус нүхэн гармыг л гарах гэж иргэд олон цагаар түгжирч байна. Харин нөгөө талд, хот руу орох автозам дөрвөн эгнээтэй. Харин яг таван шарын нүхэн гарам дээр ирээд хоёр эгнээ болдог. Гэтэл нэг эгнээг нь хааснаар иргэд Оргил худалдааны төвөөс эхлэн тус нүхэн гармыг нэвтрэх гэж зогссоор байна.
Жолооч нарын төлөөлөл “Драгон төвөөс энэ нүхэн гарам хүртэл буюу ердөө ганцхан буудал газар хоёр цаг түгжирлээ. Үнэхээр бухимдаж байна. Хэн бүхэн хичээл, сургууль эхлэх гэж буй энэ үед амжуулах олон ажил байна шүү дээ. Үнэхээр ард иргэдээсээ дор ухаантай удирдлага гэж байхгүй байх. Албаар ийм шийдвэр гаргадаг юм байх даа гэж гайхаж байна. Есдүгээр сарын 3 хүртэл хаана гэдэг бол маш урт хугацаа байна. Наадмын амралтын олон хоногт буюу хотоос иргэд гарчихсан байхад энэ засвараа хийж болоогүй юм байхдаа гэж гайхаж байна” гэлээ.
Түгжрэл их үүсгэж буй тус нүхэн гармын ус зайлуулах сувгийн засвар шинэчлэлтийн ажил ямар шатандаа явж байгаа болоод бусад асуудлыг тодруулах гэсэн ч биднийг сурвалжилга бэлтгэх хугацаанд ажил хийж буй нэг ч хүнтэй бид тааралдсангүй. Харин хөдөлгөөнийг аль болох зохицуулах гэж хичээх ганц цагдаагийн алба хаагч, хоосон хоёр хувин л бидэнтэй тааралдсан юм.
Угтаа бол Хотын дарга Х.Нямбаатар угтаа бол есдүгээр сарын 1-ээс өмнө автозам, явган хүний зам зэрэг засвар шинэчлэлтийн ажлууд бүгд дуусна гэж мэдэгдэж байсан. Гэсэн ч мөн л хэлсэндээ хүрсэнгүй. Цаашлаад уг нүхэн гарам ердөө нэг жилийн өмнө буюу 2024 оны 9-р сарын 14-нд нээсэн байдаг. Тухайн үед ус зайлуулах шугамаа цогц шийдэж болоогүй юу гэх асуулт гарч байна. Тус нүхэн гармын нээх үед
Хотын дарга Х.Нямбаатар “Таван шарын нүхэн гарц нь төмөр замын доогуур 169 метр урт, 5.8 метр өндөр, 10.2 метр өргөнтэй хос туннел, иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламж. Нүхэн гарцыг нээснээр хоногт 32 500 автомашин зорчих боломжтой. Ингэснээр авто замын нэвтрүүлэх чадвар нь 22,9 хувиар нэмэгдэж, түгжрэл бууруулахад нөлөөлнө” хэмээн тайлбарлаж байсан юм.
Иж бүрэн ус зайлуулах системтэй гэгдэх тус нүхэн гарамд дахин ус зайлуулах засвар шинэчлэлтийн ажил хийх хугацаанд иргэд хэдэн цагаар түгжирч зогсох вэ хотын дарга аа.