Эрх баригч МАН Бага, Их хурлаа ирэх есдүгээр сард албан бусаар товлосон байна. Гэхдээ бүх зүйлийн цагийг тулгадаг энэ нам аравдугаар сард ч Их хурлаа хийж болзошгүй юм. Ямартай ч одоогоор гишүүдийнх нь дунд есдүгээр сар гэсэн хугацаа яригдаж байна.
-Л.ОЮУН-ЭРДЭНЭ МОНГОЛООС ХЭД, ХЭДЭН ХҮН ДУУДАН СОЛОНГОСЫН НЭР БҮХИЙ ЗОЧИД БУУДАЛД УУЛЗСАН БӨГӨӨД ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДӨР ТЭДНИЙХЭН МӨН ХОТООС ГАРЧ ЯРИЛЦЖЭЭ-
Тус Их хурлаар намын дүрмээ шинэчилж тэр дагуу намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга удирдах бүх албан тушаалтыг сольж, сэлгэнэ. Тиймээс энэ намрын улс төр МАН, АН-ын аль алинд нь халалт авчрах юм. АН дотор О.Цогтгэрэл намын даргын төлөөх өрсөлдөөнийг эхлүүлсэн талаар бид өчигдөр мэдээлсэн /өмнөх нийтлэлийг ЭНД дарж унших/. Тэгвэл МАН-ын даргын өрсөлдөөний үеэр Л.Оюун-Эрдэнэ "Соme back" хийх нь олон хүний асуудал болжээ. Түүнийг ирэх сургаар Ерөнхий сайд болон бусад удирдлагууд аль хэдийн сандарч, дор дороо тактик боловсруулж эхэлжээ.
Саяхан Л.Оюун-Эрдэнэ Монголоос хэд, хэдэн хүн дуудан Солонгосын нэр бүхий зочид буудалд уулзсан, мөн тэднийхэн өнгөрсөн амралтын өдөр хотоос гарч ярилцжээ.
Л.Оюун-Эрдэнэ нь одоогоороо МАН-ын дарга бөгөөд тэрбээр эл албан тушаалаа тийм ч амар өгөхгүй талаар улс төрийн хүрээнд яригдаж байна. Зургаадугаар сарын 02-ний өдөр түүнд итгэл хүлээлгэхгүй гэх шийдвэрийг УИХ-аас гаргаснаас хойш тэрбээр Төрийн ордонд нэг ч харагдаагүй, УИХ-ын чуулгандаа суугаагүй. Тэгвэл тэрбээр намын даргын ажлаа хүлээлгэн өгөх шалтгаар ирэх сард дахин нэг ирэх нь. Түүнийн нүүр бардам ирж буй хамгийн том суурь нь өнгөрсөн сард АТГ-аас гаргасан дүгнэлт.
-УЛС ТӨРИЙН ЭНЭ ЗОДООНД ЕРӨНХИЙЛӨГЧ ЯЛБАЛ Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙ САЙДААРАА ҮЛДЭХ БҮР АН-ЫГ ЗАСГИЙН ГАЗАРТАА УРИХ, УИХ-ЫН ДАРГЫГ СОЛИХ ПРОЦЕСС Ч БОЛЖ МЭДЭХ ЮМ-
Түүний хувьд намаа авах зорилготой бөгөөд тодруулбал өөрийн хүнийг буюу УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг намын даргад Г.Занданшатарын эсрэг өрсөлдүүлж магадгүй тухай мэдээлэл байна.
Хэрвээ тэр намаа авбал өнөөдрийн Засгийн газрыг ирэх хавраас бужигнуулж мэдэх таамаг МАН дотор яригдаж байгаа юм. МАН-ын дүрмээр намын дарга Ерөнхий сайдаар ажиллах ёстой. Л.Оюун-Эрдэнийн багийнхан сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайдыг гол бай болгон шүүмжлэхгүй байгаа ч эргэн тойрны хүмүүсийг нь хэмлэж эхэлсэн. Гэхдээ эцэст нь энэ бүхнийг төрийн нэгдүгээр хүн яаж харж, хэрхэн хөдлөх вэ гэдгээс ямар үр дүн гарах нь хамаарна. Өөрөөр хэлбэл, тэрбээр дахин нэг удаа Ерөнхийлөгчтэй үзнэ. Үүнд Ерөнхийлөгч ялбал Г.Занданшатар Ерөнхий сайдаараа үлдэх бүр АН-ыг Засгийн газартаа урих, УИХ-ын даргыг солих процесс ч болж мэдэх юм. Цаашлаад ирэх аравдугаар сард нийслэлийн МАН-ыг хуралдуулж даргыг нь солих, Х.Нямбаатарыг Хотыг даргаас огцруулах зэргээр намрын улс төр бужигнах нь.