Өчигдөр /2025.05.09/ ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Москвад уулзаж, “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн талаар хэлэлцсэн байна.
Тэдний уулзалтын өмнө Bloomberg tv Mongolia-д, "Хятадын талаас хоолойг Монголын нутгаар дамжуулахын оронд Хятад, Оросын залгаа хилээр шууд холбохыг илүүд үзэж байгаа тул Ши Жинпинь, В.Путин нарын уулзалтын үеэр үүн дээр Оросын тал шахалт үзүүлнэ" гэсэн мэдээлэл нийтлэгдсэн юм.
Тэгвэл Ши Жиньпин, В.Путин нарын уулзалтын үеэр “Сибирийн хүч-2” төслийн хэрэгжилтийг түргэтгэх чиглэл өгсөн ч, хоолойн маршрутыг Монгол Улсаар дайруулахгүйгээр өөрчлөх тухай асуудал яригдаагүйг ОХУ-ын Шадар сайд Александр Новак онцолжээ.
“Сибирийн хүч-2” хийн хоолой нь Оросын Ямал болон Баруун Сибирийн хийн ордуудаас Хятад руу жилд 50 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх зорилготой бөгөөд Монгол Улсаар дамжин өнгөрөх төлөвлөгөөтэй байгаа юм. Монголын Засгийн газар энэ төсөлтэй холбоотой байгаль орчны нөлөөллийн үнэлгээг 2025 оны 3-р улиралд дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд нийт 6 аймгийн 22 сумын нутгаар дамжих маршрутыг тодорхойлоод байгаа гэх мэдээлэл бий.
Хэдийгээр Хятадын зарим эх сурвалжууд монголыг тойрсон маршрутыг сонирхож байж болзошгүй талаар мэдээлж байсан ч, өнөөг хүртэл ийм өөрчлөлт албан ёсоор хийгдээгүй бөгөөд Оросын Шадар сайд Александр Новакын хэлснээр Монгол Улсаар дамжуулах анхны төлөвлөгөө хэвээр байгаа аж.
Эх сурвалж: Ria.ru, Reuters.com