АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ирэх долоо хоногт Саудын Араб, Катар, Арабын Нэгдсэн Эмират улсад хийх айлчлалынхаа үеэр Персийн буланг “Арабын булан” эсвэл “Арабын тэнгисийн булан” хэмээн нэрлэх шинэ бодлогоо зарлахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.
Түүний энэ шийдвэр нь Ираны зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, бүс нутгийн улс төрийн хурцадмал байдлыг нэмэгдүүлж болзошгүй байгаа аж. “Персийн булан” хэмээх нэршил нь 16-р зуунаас хойш олон улсын хэмжээнд өргөн хэрэглэгдэж ирсэн бөгөөд Ираны хувьд энэ нь түүх, соёлын чухал бэлгэдэл аж. Гэсэн хэдий ч Арабын орнууд, тэр дундаа Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улс энэхүү нэршлийг “Арабын булан” болгон өөрчлөхийг олон жилийн турш дэмжиж иржээ.
Харин Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын төлөвлөж буй нэршлийн өөрчлөлтийг “улс төрийн өдөөн хатгалга” хэмээн тодорхойлж, түүхэн үнэн, олон улсын эрх зүйг үл хүндэтгэсэн үйлдэл хэмээн шүүмжилжээ.
Харин Ерөнхийлөгч Д.Трампын төлөвлөж буй нэршлийн өөрчлөлт нь АНУ-ын гадаад бодлогын чиг хандлагад шинэ эргэлт авчирч, Иран болон Арабын орнуудын хоорондын түүхэн маргааныг дахин өдөөж магадгүй байгаа аж.
Эх сурвалж: CNN