Удирдлагын академийн ажилчид захирал Д.Сүрэнчимэгийн хууль бус үйлдлийг арилгуулах хүсэлтээ ЗГХЭГ-т хүргүүлжээ

Удирдлагын академийн ажилчид захирал Д.Сүрэнчимэгийн хууль бус үйлдлийг арилгуулах хүсэлтээ ЗГХЭГ-т хүргүүлжээ

Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой Аудитын ерөнхий газрын дүгнэлтийн талаар тус сургуулийн багш нарын төлөөлөл өнөөдөр /2025.05.08/ мэдээлэл хийлээ.

Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багш Б.Ганзориг: Аудитын ерөнхий газрын дүгнэлтээс жишээ болгоод дурдахад Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг нь 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий баримтат уран сайхны кино хийлгэхээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулаагүй, шууд худалдан авах аргаар гэрээ байгуулсан. Энэ нь эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл мөн гэж үзэж байна.

Цаашилбал Удирдлагын академийн 100 жилийн ойн арга хэмжээний зардлыг 1.2 орчим тэрбум төгрөгөөр баталсан байдаг. Гэсэн ч уг үйл ажиллагааны зардлыг хэтрүүлж буюу  албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Энэ нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох хуулиудыг зөрчсөн үйлдэл болно. Д.Сүрэнчимэг захирал 2016 оноос хойш тус албан тушаалд ажиллаж байна. 

Дээрх илэрсэн зөрчлүүдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, зөрчлийг арилгах талаар ЗГХЭГ-т албан бичиг хүргүүлсэн байгаа. Аудитын дүгнэлт дөрөвдүгээр сарын 26-нд эцэслэгдэж, батлагдсан.

Удирдах албан тушаалтны ажлыг бид хөндлөнгөөс хянаад явах боломж байхгүй. Бид санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг хүлээж байсан. Зөвхөн нэг жилийн байдлаар ийм их хэмжээний мөнгөн дүнгийн хохирол учруулсан учраас үүнийг заавал хууль хяналтын байгууллага шалгах ёстой.