Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулж байсан "Ноорог"-ийн О.Уламсайхан бусдад хутгалуулж, хүнд гэмтсэн хэрэг гарсан билээ.
Тодруулбал, иргэн О.Уламсайханыг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-ний /2025.11.11/ өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд иргэн 38 настай н.Доржсүрэн гэгч нь хутгалж, хүнд гэмтэл учруулсан байдаг. Энэ талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, улмаар тухайн хэргийг үйлдсэн гэх иргэнийг саатуулан шалгаж эхлээд байсан юм.
Тэгвэл иргэн О.Уламсайханы биед халдаж, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан хүнд гэмтэл учруулсан н.Доржсүрэн гэх этгээдийг цагдан хорьсон байсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, сулласан байна.
Тухайн этгээд нь хэргийн талаар хэвлэлд өгсөн тайлбар мэдээлэлдээ "О.Уламсайханыг санаатайгаар болон захиалгаар гэмтээгээгүй, болсон үйл явдалд харамсаж байна. Цахим орчинд тархсан "О.Уламсайхан нь манай гэрт дайрч орсон. Эхнэрийн маань биед халдсан" гэх мэдээлэл худлаа. Зарим нэр бүхий мэдээллийн хэрэгсэл хэргийн газрын бичлэгийг зориудаар авч цацсанд харамсаж байна" гэхчлэнгийн зүйлсийг мэдээлсэн байдаг.
ВИДЕО:
Иргэн: Миний бие О.Уламсайханыг хутгалсан нь үнэн. Гэхдээ ямар нэг сэдэлтэйгээр, захиалгаар энэ зүйлийг хийгээгүй. Орцондоо муудалцаад л ийм юм болсонд харамсаж байгаа. О.Уламсайхан манай гэрт дайрч орсон, эхнэрийн маань биед халдсан зэрэг мэдээлэл нь ор үндэсгүй худал мэдээлэл. pic.twitter.com/ECMTYfZDnD
— NTV (@NTVmn) December 22, 2025
Харин энэ талаар "Ноорог"-ийн О.Уламсайхан манай сайтын "Шугам" нэвтрүүлгийн үеэр ч ярьж байсан юм. Тэрбээр "Би тэр хүнийг танихгүй. Энэ бол золгүй явдал байсан. Улс төржүүлэх шаардлагагүй гэж боддог. Тэр хүн намайг "Чи нөгөө жагсаал хийдэг бацаан мөн үү" гэхээр нь "Мөн мөн" гэж хэлээд инээхэд "Чамаас болоод хэдэн олон хүн хоолноосоо салж, хэдэн олон хүнд гай болсноо мэдэж байна уу гээд надад дургүй байдлаа илэрхийлсэн. Цахим орчинд "Намайг гэрт нь ороод, эхнэрийнх нь биед халдсан гэх мэдээлэл гарсан. Гэхдээ ийм зүйл болоогүй. Надтай л ижил түрээсийн байранд амьдардаг байсан ах байсан" хэмээж байв.
ВИДЕО:
Тэгвэл үл ялих зүйлээр шалтаглан бусдыг хутгалж, гэмтэл учруулсан н.Доржсүрэн гэх иргэнийг эрүүгийн хуулийн хэдэн хэдэн зүйл ангиар яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байгаа аж. Тодотговол н.Доржсүрэнг анх Эрүүгийн хуулийн 10.1 хүн алахыг завдсан гэх зүйл ангиар яллагдагчаар татаад байсан бол хэргийг прокурорт шилжүүлэхдээ О.Уламсайханы биед учирсан гэмтэл "Хүндэвтэр" гэж гарсан тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу эд хөрөнгө устгах, гэмтээх гэх зүйл ангиар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байгаа аж. Харин прокуророос уг хэргийг шүүхэд шилжүүлэх эсэх талаарх мэдээлэл одоогоор алга байна.