Нэхэмжлэгч А.Бүрэнбаатар нь хариуцагч МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд холбогдуулан Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн 2023.12.18-ны өдрийн 25 дугаартай Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, МҮОНРТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговорт 47,541,726 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Анхан шатны шүүх: “...МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2013.12.18-ны өдрийн 25 дугаар Үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй тул уг тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг тооцон гаргуулж, зохих журмын дагуу нөхөн бичилтийг хийлгэх нь зүйтэй...” гэж дүгнэж шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх: “...Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг 3 жилийн хугацаагаар томилдог тул Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан албан тушаалдан гэж үзнэ. Нэхэмжлэгч нь 2021.03.05-ны өдөр МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдсон байх тул 2024.03.05-ны өдөр 3 жилийн хугацаа дуусгавар болсон гэж үзнэ. ...” гэж дүгнэж шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүх /УДШ/: Анхан шатны шүүх зохигчийн хооронд онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан, уг гэрээний хугацааг хуулиар тогтоосныг анхаараагүй бол давж заалдах шатны шүүх тогтоол хууль, журамд нийцсэн эсэх талаар дүгнээгүй орхисон нь буруу. Хариуцагч МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.10-т зааснаар үндэслэлээ тайлбарлаж танилцуулаагүй, Үндэсний зөвлөлийн ажиллах журмаа зөрчсөн тул тус зөвлөлийн 25 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангана. Харин гэрээг цаашид үргэлжлүүлэх эсэх нь Үндэсний зөвлөлийн бүрэн эрхийн асуудал учраас нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй, нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусах өдрийг хүртэл хугацааны олговрыг шаардах эрхтэй боловч тэрээр энэ хугацаанд цалин хөлс авсан тул бусад шаардлагыг хангах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулжээ.