Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ялалтын баяр”-т оролцох үеэрээ В.Путинтэй цахилгаан, эрчим хүчний асуудлыг хэлэлцэнэ гэж Оросын хэвлэлүүд мэдээлжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ялалтын баяр”-т оролцох үеэрээ В.Путинтэй цахилгаан, эрчим хүчний асуудлыг хэлэлцэнэ гэж Оросын хэвлэлүүд мэдээлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо энэ оны тавдугаар сарын 9-нд болох “Дэлхийн II дайны ялалт”-ын 80 жилийн ойн баярт оролцох талаар мэдэгдээд буй. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчтэй албан ёсны уулзалт хийж, зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

-МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН НАР ЭРЧИМ ХҮЧНИЙ АСУУДЛЫГ АВЧ ХЭЛЭЛЦЭНЭ-

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Ерөнхийлөгч тавдугаар сарын 9-нд Улаан талбайд болох Ялалтын баярын ёслолд бусад улсын төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнуудын хамт оролцож, Александровын цэцэрлэг дэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөнө. Мөн Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж, БНМАУ-ын баатар болон Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ЗХУ, ОХУ-ын иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна” хэмээн мэдэгдээд буй. Мөн Ялалтын баярын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ч оролцох аж.

Тэгвэл ОХУ-ын хэвлэлүүдэд Монгол Улсын төрийн тэргүүн ОХУ-д Ялалтын баярт оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй албан ёсны уулзалт хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа эрчим хүчний салбарын асуудлыг ярилцахаар төлөвлөсөн талаар мэдээлжээ.

Манай улс цахилгаан эрчим хүч, шатахууны хувьд Орос Улсаас шууд хамааралтай байсаар ирсэн. Өмнө нь ОХУ-аас манайд бага оврын атомын цахилгаан станц барьж өгнө гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн ч биелэлээ олсон нь үгүй. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиков тус улсын “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа “Шинэ Хархорум”-ын ойролцоо бага чадлын цөмийн цахилгаан станц барих гэрээг 2025 оны эхний хагаст байгуулж магадгүй байна гэж мэдэгдсэн.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн есдүгээр сар /2024.09/-д Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр бага чадлын цөмийн цахилгаан станцыг барьж өгөх талаар ч ярьж байсан. Үүгээр зогсохгүй Орос улс Монголд бага чадалтай атомын цахилгаан станц барина гэж Оросын ерөнхий сайдын орлогч В.Абрамченко Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа хэлж байсан талаар бид өмнө нь мэдээлж байв. Энэ мэт яриа хэлэлцээр биелэлээ олсон нь үгүй байхад энэ асуудлыг дахин хэлэлцэх бололтой.

-ОХУ-Д БОЛОХ ЯЛАЛТЫН БАЯРТ БНХАУ, КУБ, СЛОВАК, БРАЗИЛ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮД ОРОЛЦОНО-

Монгол Улсын төрийн тэргүүнээс гадна өөр олон улсын төрийн тэргүүнүүд уг арга хэмжээнд оролцох талаар ОХУ-ын хэвлэлүүд мэдээлж байна. Тодруулбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпин тавдугаар сарын 7-10-ны хооронд ОХУ-д албан ёсны айлчлал хийж, Аугаа их ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээнд оролцоно гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Түүнчлэн энэ жил НҮБ үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиож буй. Тиймээс Хятад Орос хоёр орон НҮБ болон бусад олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хамтын ажиллагаагаа бэхжүүлж буйгаа харуулах болно гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Түүнчлэн Ялалтын баярт Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канел, Бразилийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва, Словакийн ерөнхий сайд Роберт Фико нар оролцохоор, Москва хотноо очих аж. Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский саяхан мэдэгдэл хийж, энэ сарын 9 /2025.05.09/-нд Москвагийн Улаан талбайд болох Ялалтын баярын парадын үеэр аюулгүй байдал хангагдахгүй байж болзошгүйг анхааруулсан бөгөөд Оросын нийслэлд ирэх дэлхийн удирдагч нарын аюулгүй байдлыг Украин баталгаажуулж чадахгүй хэмээн мэдэгдээд буй.

Эх сурвалж:  Gazeta news, EADaily news, С Вечерний, Оренда информационное агентсво