БАРИМТ: Х.Нямбаатар "төлбөртэй бүс" байгуулах хуулиа Р.Эрдэнэбүрэнгээр өргөн бариулж, түүгээр зорчсон машиныг хянах "215 алба хаагчтай нэгж"-ийг шинээр байгуулна

БАРИМТ: Х.Нямбаатар "төлбөртэй бүс" байгуулах хуулиа Р.Эрдэнэбүрэнгээр өргөн бариулж, түүгээр зорчсон машиныг хянах "215 алба хаагчтай нэгж"-ийг шинээр байгуулна

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулж, 2023 оны 12 дугаар сард УИХ-аар батлуулсан. Үр дүнд нь өнөөдөр хөдөө орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас илүү хугацаагаар зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлдөг болж, иргэд Улаанбаатарын серитэй дугаарыг өндөр үнээр худалдан авч байна. 

-ХОТЫГ "НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ", "УЛСЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХОТ", "ОРОН НУТГИЙН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХОТ" БОЛГОН АНГИЛНА-

Мөн ирэх сарын 01 /2025.06.06/ -ний өдрөөс 10-аас дээш жилийн насжилттай автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй гэх Х.Нямбаатарын захирамж хэрэгжиж эхэлнэ. Энэ мэт тэрбээр бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж хүний хувийн өмчийг үнэгүйдүүлж, Үндсэн хууль зөрчиж байж болзошгүй шийдвэрээ гаргасаар байна. 

Хотын дарга Х.Нямбаатар анх “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл”-ийг өргөн барихад хоёрдугаар бүлэгт нь “Замын хөдөлгөөний төлбөртэй бүс, авто зогсоол” байгуулахаар тусгасан байв. Тухайлбал, тус хуулиар Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл замыг төлбөртэй бүс болгож,  тус бүсээр нэвтэрсэн бол нэг удаагийн төлбөрийг 0-27 мянган төгрөг байхаар тогтооно гэж байлаа. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд яг энэ хэсэг олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан учир Х.Нямбаатар сонгуулийн үр дүнгээ бодоод төлбөртэй бүсээр зорчиход төлбөр авах тухай заалтыг  эргүүлэн татсан байдаг. Харин төлбөртэй зогсоол нь ажил хэрэг болсон.

Тэгвэл түрдээ эргүүлэн татсан уг төслийг тусад нь хуульчилж, 20 минутын хот Үндэсний хорооны дарга буюу сайд Р.Эрдэнэбүрэнгээр өргөн бариулахад бэлэн болжээ. Тодруулбал, энэ долоо хоногийн даваа гарагийн /2025.05.05/ Ардчилсан намын бүлгийн хуралдаанд 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлт болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн танилцуулгыг хийсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ардчилсан намын бүлэг тус хуулийн "гэдэс дотрыг нь задалж" гүн хэлэлцээгүй байна. Тэгвэл ард нь Х.Нямбаатар нуугдаж, Р.Эрдэнэбүрэнгээр өргөн бариулсан тус хуулийн төсөлд ноцтой олон асуудал багтжээ.

Тухайлбал, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахтай холбоотойгоор нэр бүхий 6 хуульд өөрчлөлт оруулж байгаагийн нэг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль. Хууль санаачлагчид хуулийг тайлбарыг хийхдээ, "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд "замын хөдөлгөөний төлбөртэй бүс шинээр бий болгохоор заасан" гэжээ. Үүнийгээ дагалдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6-д "Тээврийн хэрэгслийн өнгө, улсын дугаар, төрөл үйлдвэрлэгчээр таньж, жолоочийн үйлдлийг замын хөдөлгөөний дүрмийн заалттай тулган шалгах, зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх ажиллагааг автоматжуулсан мэдээллийн системийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж, тэдгээрийг ажиллуулах хүний нөөц, санхүүгийн үүсвэрийн харилцан уялдаа бүхий цогцыг" гэж тусгаж өгсөн байна.

Харин төлбөртэй бүсийг тогтоох буюу Улаанбаатар хот, түүний дагуул хотод мөрдөх хууль, дүрэм, журам, хотын стандартыг сахиулах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг нийслэл Улаанбаатар хотын захирагч хариуцна гэсэн байна. Ингэхдээ тэд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хотыг "Нийслэл Улаанбаатар хот", "Улсын зэрэглэлтэй хот", "Орон нутгийн зэрэглэлтэй хот" болгон ангилах нь. Энэ нь Улаанбаатарыг 14 хотод хуваах, төлбөртэй бүсийг бий болгох, уг бүсэд орж ирсэн иргэдийг камераар хянах эцэст нь энэ бүхэнтэй холбоотой дүрэм, журмыг Хотын дарга шийдэх эрхийг бий болгож байна гэсэн үг. 

-ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛБӨРТЭЙ БҮСИЙН АЛБАН ТАТВАРЫГ ХУГАЦААНД НЬ ТӨЛӨХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАНА-

Цаашлаад уг хуулийн нэмэлт, өөрчлөлттийг дагалдуулж Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулж Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газарт 215 гэрээт алба хаагчтай “Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт шалгалтын нэгж”-ийг байгуулах аж.

Тус нэгж нь Замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх эсхүл холбогдох хууль тогтоомжид заасан бусад аргаар хөдөлгөөнийг нь хязгаарлах чиг үүрэгтэй ажиллах юм байна. 

Тус нэгжид Улаанбаатар хотын хэмжээнд алслагдсан шалган нэвтрүүлэх 7 хяналтын цэгт 3 ээлжээр 84 алба хаагч, Нийслэлийн төвийн 6 дүүрэгт тус бүр 5 хяналтын цэгт 2 ээлжээр 4 алба хаагч нийт 120 алба хаагч, удирдлага зохион байгуулалт, дотоод ажилд 11 алба хаагч тус тус үүрэг гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн цалин, эрүүл мэндийн даатгалын зардлыг Гэмт хэгээс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгөөс гаргах зохицуулалтыг хуульд тусгажээ.