УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт, салбарын үнийн өсөлтийн талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонслоо. Мэдээлэлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Утааг дулаалгаар л шийднэ. Харин юугаар халаах нь иргэдийн өөрсдийнх нь сонголт байх ёстой. Төр засгийн хамгийн том үүрэг бол тодорхой байх. Тодорхойгүй байгаагаас бол гэр орноо дулаалж чаддаггүй, модоо тарьж чаддаггүй, эко жорлон болгож өөрчилж чаддаггүй. Төлөвлөлтийн гол зорилго бол тодорхой мэдээллээр иргэдээ хангах. 8 дүүрэгт 422 төрлийн техникийн шинэчлэл хийнэ гэж байна. Аль хороодод ийм шинэчлэл хийх вэ. Яг аль хороодод 2025 оны өвөл цахилгаан тасрахгүй байх вэ. Тэр хороодод хэдэн өрх байгаа вэ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Монгол гэрт ч тэр хувийн орон сууцанд ч тэр стандарт гэдэг юм байхгүйгээр 300 гаруй жил явсан. Үүнээс шалтгаалаад хүндрэл гарсан. Мөн дулааны үнийг хэт доогуур бариад байхаар дулаалах сонирхолгүй байна. Хэт хямд өртөгтэй учраас. Зах зээлийн үнэнд аваачвал дулаалгаа сайн хийнэ. Хямд дулаанаараа дулаалахгүй байсан нь ашигтай байна. Мэдээж тог тасрахгүй байна гэж байхгүй Г.Лувсанжамц гишүүнээ. Одоо бид нэг эх үүсвэртэй. Хоёр эх үүсвэртэй болтол 30, 40 жилийн асуудал болно. Тог бага тасрах тухай л ярина. Огт тасрахгүй гэсэн ойлголт байхгүй. Тог тасрахгүй байхын тулд хоёр эх үүсвэртэй байх ёстой. Нэг талд нь үйлчилгээ хийхэд нөгөө талаа сэлгэн залгадаг байх ёстой. Сүүлийн 30 жилийн хугацаанд төлөвлөлтэй явсан Улаанбаатар хотын гэр хороололд ийм боломж байхгүй. Тэгж худлаа ярьж ард түмний молигодож хэрэггүй. Бага тасрах тухай ярина.